Дэлхий нийтийг цочирдуулсан аймшигт осол

Хуучирсан мэдээ: 2011.09.09-нд нийтлэгдсэн

Дэлхий нийтийг цочирдуулсан аймшигт осол

”Локогийн төмөрзамчид”-ын аймшигт осол дэлхий нийтийг цочирдууллаа

ОХУ-ын мэргэжлийн хоккейн лигийн “Локомотив” клубын тамирч­дын сууж явсан онгоц Ярославль хотын нисэх онгоцны буудлаас холгүйхэн осолдож дотор нь явсан 45 хүний хоёроос бусад нь амь үрэгдсэн золгүй явдал дэлхий нийтийг цочирдууллаа. Эдгээр тамирчдын ар гэрийнхэн болон хөгжөөн дэмжигчдэд нөхөж баршгүй гарз хохирол учирлаа.

Мэргэжилтнүүдийн мэдэгдэж буйгаар уг онгоцонд нисэх буудлаас хөөрсөн даруйд гал авалцсан байна. Улмаар нисэх буудлын холбоочид ослын буулт хийхийг зааварчилсан аж. Гэвч хурдаа авсан онгоц газардаж амжсангүй. Гал тасалгаа руу нэвтэрч байх үеийн бичлэг онцгой байдлынханд болон ослын шинжээчдэд олдсон байна.

Онгоцонд нийт 45 хүн байсан бөгөөд 11 нь гадаадын зорчигч байсан талаар эх сурвалжууд мэдэгдсэн. Харин амьд үлдсэн хоёр хүний нэг хоккейчин Александр Галимов байсан бол хоёр дахь хүн нь онгоцны багийн гишүүн Александр Сизов гэнэ. Онцгой байдлынхан амьд үлдсэн хоёр тамирчинг яаралтай эмнэлэгт хүр­гэсэн байна. А.Галимовын биеийн 80 хувь нь түлэгдсэн гэж эмч нар мэдэгдсэн. Одоогоор хоёр тамирчны биеийн байдал тун муу байгаа бөгөөд хэсэгтээ эрчимт эмчилгээнд хамрагдах бололтой. Эмч нар “Боломжтой бүх эмчилгээг хийж байгаа. Харин амьд үлдэх эсэхийг хэлэхэд эрт байна. Тэдний хувь заяа л мэднэ” гэсэн тухай “Итар-Тас” агентлаг мэдээлэв.

Онцгой байдлын ахлах дэслэгч Сергей Александр “Ослын газарт мэргэжилтнүүд шинжилгээ хийж байгаа. Одоохондоо эцсийн дүгнэлт гаргахад эрт байна. Ямартай ч Ярославль хотын Туношна го­лоос за­рим цогцсыг олсон. Нисэх буудлын мэргэжилтнүүд бидэнд онгоц хөөрөх үед гал авалцаж буй дүрс бичлэгийг үзүүлсэн. Онгоц хэдэн хэсэг тасарсан учраас тасархай хэсэг болгоноос нарийн шинжилгээ авах ажил явагдаад дуусах шатандаа орж байна” гэжээ. Онгоцонд Канадын хок­кейн багийн дасгалжуулагч Брэд МакКримон болон Шведийн хок­кейчин Стефан Лив нар байсан ажээ.

ОХУ-ын мэрэгжлийн хоккейн “Локомотив” клуб” 1949 онд үүсэн байгууллагдсан түүхтэй бөгөөд нийт найман удаа нэрээ сольж байсан аж. Анх байгуулагдаж байхдаа 1949-1955 онд “Локомотив Ярославль” нэрээр гараагаа эхлүүж улмаар 1955-1956 онд “Спартак Ярославль”, 1956-1957 онд “Химик Ярославль”, 1959-1963 онд “HC YMZ Ярославль”, 1963-1964 онд “Труд Ярославль”, 1964-1965 онд “Мотор Ярославль”, 1965-2000 онд “Торпедо Ярославль”, 2000 оноос хойш “Локомотив Ярославль” нэрээр тус тус тоглож байжээ. Энэ баг нь ОХУ-ын Төмөр замын харъяа бөгөөд Юрий Яковлевийн удирдлаган дор тоглодог аж. “Локомотив” баг нь “Локогийн төмөрзамчид” хочоороо ОХУ төдийгүй Европ, цаашлаад дэлхийд данстай сайн багуудын нэг билээ. Нийт багийн бүрэлдэхүүний 17 тамирчин нь ОХУ-аас гаралтай бөгөөд Словак, Герман, Швед, Чех, Беларусь, Латви, Украйн улсын легионеруудаас бүрддэг билээ.

Уг осол “Туношна” нисэх бууд­лаас дөрвөн километрийн зайд осолдсон та­лаар мэрэгжилтнүүд мэдэгдсэн. “Локомотив” баг нь Бе­лорусь улсын Минск хотод улирлын ээлжит тоглолтондоо оролцохоор явж байсан аж. Уг ослын талаар ОХУ-ын Ерөн­хийлөгч Д.Медведев болон Украйн, Белорусь, зэрэг орны төрийн тэргүүнүүд “Локомотив” багийн нас барсан тамирчид болон ар гэрийнхэнд  гүн эмгэнэл илэрхийлсэн байна. “Як-42” онгоц нь зөвхөн олон улс хооронд иргэний нислэг үйлддэг бөгөөд 1980-2002 оны хооронд 178 ширхэг үйлдвэрлэгдсэн билээ. Мөн турбофан хөдөлгүүртэй, гурван нисгэгчтэй, 100-120 хүний суудалтай онгоц юм. НАТО-гийн мэдэгдэж буйгаар одоогийн байдлаар тус онгоц нь Армен, Куба, ОХУ, Украйн, Казахстан, Пакистан, Македон, Молдав, Латви зэрэг оронд нислэг үйлдэж байгаа гэсэн албан ёсны бүртгэлтэй гэнэ.

Үндэсний хоккейн холбооны /NHL/ тэргүүн Гэри Бэттмэн “Хэдийгээр уг осол хүмүүсийг алмайруулан хүнд цочролд оруул­сан ч энэ багийн тамирчидтай сэтгэл зүрхээрээ хамт гэдгийг мэдэгдэж байна. Яруу алдар нь бадарсан шижигнэсэн тамирчдын маань эр зориг хэзээ ч мохохгүй тэнгэрийн орноос биднийг харж байгаа гэдэгт итгэл төгс байна. Талийгаачдын ар гэрийнхэнд нөхөж баршгүй уй гашуу дагуулсан эл явдал бидэнд том сургамж болж, гүн эмгэнэл авчирлаа. Та нарыхаа нэр алдарыг манай холбоо үүрд мандан бадруулах болно” гэжээ. Мөн Европын хоккейн холбоо, тивийн хоккейн холбоо, ОХУ-ын хоккейн холбоо зэрэг бусад байгуулагууд ч гүн эмгэнэлээ илэрхийлээд амжсан юм.

Уг осолд амь үрэгдсэн алдартай тамирчдаас Шведийн онооны машин Стифан Лив (Шведийн шигшээ багаас Олимпын аварга хүртэж байсан), Канадын NHL-ийн тамирчин Брэд МакКримон, Чехийн тамирчин Жосеф Васичек, Латвийн тамирчин Карлис Скрастинс болон Словакийн тамирчин Павол Демитра нар тус тус байжээ.
Осол болсныг мэдсэн 25 мянган үзэгчид хоёр цэнгэлдэх хүрээлэнд нэгэн зэрэг эмгэнэл илэрхийлж чимээгүй зогссон талаар BBC агент­лаг мэдээлэв. 

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж