Нэгнийгээ хөнөөгөөд амиа хорложээ

Хуучирсан мэдээ: 2011.09.09-нд нийтлэгдсэн

Нэгнийгээ хөнөөгөөд амиа хорложээ

Монгол Улсын Их сургуулийн хичээлийн тав­дугаар байрны баруун талаас тус сургуулийн Хууль зүйн сургууль руу урууддаг зам дагуух интернет, РС тоглоомын газарт хоёр хүн амиа алдсан ноцтой хэрэг гарчээ. Энэ талаарх мэдээллийг Сүхбаатар дүүр­гийн цагдаа нар өчигдөр өглөө авч хэргийн газарт 10 цагийн орчимд ирсэн байна. Бид хэрэг болсон газарт өдөр 13.30 цагийн орчимд очсон юм. Ойр орчимд нь МУИС төдийгүй хэд, хэдэн их, дээд сургууль, оюутны дотуур байр байдаг учраас хөл хөдөлгөөн ихтэй байв. Түүгээр ч зогсохгүй юу болсныг сонирхсон олон хүн хэрэг болсон газрыг тойрон зогсчээ. Хүн амины хэрэг гарсан газрын ойр орчимд  тууз татаж, 4-5 цагдаа хүн оруулахгүй хамгаалж байсан. Улмаар цагдаагийн ажилт­нуудаас гадна УМБГ зэрэг холбогдох байгууллагынхаас бүрдсэн 10 гаруй хүн хэргийн газарт үзлэг хийж бай­лаа. Тус  газрын ойр орчимд эвгүй үнэр нэлээд хурц үнэртэж байсан нь цогцос тэнд удаан байсан гэдгийг илтгэж байсан юм.  Эх сурвалжийн мэдээлж байгаа­гаар энд нэг нь 30 гаруй настай, нөгөөх нь 20 орчим насны хоёр залуу амь насаа алдсан аж. Гэхдээ 20 настай хэмээж буй залуу нь нэгнийгээ буудаад дараа нь өөрийнхөө амийг хөнөөсөн бололтой. Тоглоомын газрыг 30 гаруй настай залуу нь ажил­луулдаг байсан байна.   Түүнч­лэн уг хэрэг ойролцоогоор гурав хоногийн өмнө гарсан гэх мэдээлэл ч байгаа юм. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт өчигдөр өглөө нэгэн залуу “Манай найз гурав хоногийн өмнө, орой над руу “Би найзыгаа алчихлаа” гэсэн мессеж явуулсан. Түүнээс хойш холбоо барьж  чадаагүй” гэсэн мэдээлэл ирүүл­сэн аж. Улмаар цагдаагийн ажилт­­нууд энэ мэдээллийн мөрөөр хэрэг болсон газарт ирсэн нь энэ ажээ. Ямар­тай ч цагдаагийн ажилтнууд хэргийг “ТОЗ-8” маркийн калибр буугаар үйлдсэн гэдгийг баттай хэлсэн. Улмаар биднийг тэнд байх үеэр бууг цаасанд ороогоод машинд хийж байсан юм. Тэнд байх хугацаанд “Хоёулаа гурав хоногийн өмнө амиа алдсан” гэдгээс гадна “Нэг нь гурав хоногийн өмнө хүний амь хөнөөчихөөд өнөөдөр /өчигдөр/ өглөө өөрийнхөө амийг хорлосон байна” гэж хэлэх  хүн ч байсан юм. Тодруулбал, цагдаа нар хэргийн газрыг олж, хаалгыг нь онгойлгох үеэр 20 орчим настай залуу амиа хорлосон байж магадгүй. Хэрэг хэд хоногийн өмнө болсон, амиа алдсан хүмүүс яг хэдэн настай зэрэг мэдээллийг тэнд ажиллаж бай­сан шинжээчид огт өгөөгүй. “Мар­гааш /өнөөдөр/ урьдчилсан дүгнэлт гарахаар холбогдох хүмүүс нь мэдээлэл өгөх байх” гэж байсныг энд онцольё.

РС тоглоомын газрын дээд давх­рын айлуудаас буун дуу сонссон эсэхийг нь тодруулахад “Энэ хавьд засвар хийж байгаа болохоор огт сонсоогүй” гэсэн хариултыг өгч байлаа. Гэхдээ хэргийн газрыг сонирхоод зогсож байсан хүмүүсийн дунд байсан нэгэн эмэгтэй “Манайх дээд давхарт нь байдаг. Өнөөдөр /өчигдөр/ өглөө буун дуу гарах шиг болсон” гэж байсан юм. Түүнчлэн дээд давхрынх нь айлууд болон тэр хавьд үйл ажиллагаа явуулдаг цайны газрууд, бичиг хэргийн газрынхан тоглоомын газрыг ямар хүн ажиллуулдагийг сайн мэдэхгүй байсан юм. Замын эсрэг талын цайны газарт ажилладаг эмэгтэйн хэлснээр бол тус газар энэ зуны турш огт ажиллаагүй аж. Харин хааяа, хааяа хаалгыг нь хүн нүдээд орж байгаа харагддаг байжээ. РС тоглоомын газрын урд байсан УНО-1140 улсын дугаартай цагаан өнгийн Nissan Sunny маркийн машин амиа алдсан PC тоглоомын газрын эзнийх байж магадгүй бөгөөд  машин байрнаасаа 2-3 хоног хөдлөөгүй гэнэ. Тус байрны СӨХ-ны ажилтан, настай эмэгтэй уг газрыг 30 гаруй настай залуу ажиллуулдаг гэдгийг баталж байсан. РС тоглоомын газрын эзэн залуу хааяа түүнийг дуудаж цэвэрлэгээ хийлгэдэг байжээ. Хэргийн газар дээр үзлэг хийж байх үед буюу 13 цагийн орчимд амиа алдсан залуугийн гэр бүлийнхэн гэсэн гурван хүн ирээд явсан аж. Гэхдээ тэд нэг их удалгүй тус газрыг орхиж явсан бөгөөд сэтгэл санаа нь хүнд байдалтай байжээ. Цогцосуудыг хэргийн газраас авч явах бэлтгэлийг 13 цагийн орч­моос хийж эхэлсэн. Биднийг хүн амины хэрэг болсон газар очиход берзинтээр бүтээсэн жижиг чир­гүүлтэй УАЗ-469 машин зогсож байсан. Гэсэн ч ойр орчимд нь хэвлэл мэдээллийнхнээс өгсүүлээд юу болсныг сонирхох олон хүн байсан учраас тус машинаар авч явахаа больсон бололтой түргэний машин ирж, хаалган тушаа шахаж зогссон юм. Улмаар цагдаа нар болон шинжээчид машин, РС тог­лоомын газрын хаалга хоёрын хоо­рондох зайг том даавуугаар хал­халж байгаад 15 цаг 20 минутын ор­чимд цогцосуудыг зөөвөрлөн авч явлаа. Түүний дараа цагдаа нар болон шинжээчид 16 цагийн орчимд хэрэг болсон газрыг цоожилж, би­түүмжлээд явсан юм. Энэ үеэр нь юу болсныг тодруулахыг оролдсон бо­ловч мөн л тоймтой зүйл хэлээгүй. Харин өөрсдийгөө “Бид одоогоор дадлагын ажилчид. Тиймээс ямар нэг тодорхой зүйл мэдэхгүй” гэсэн хоёр залуугийн нэг нь “Хэргийн газар дээр үнэр, танар нь үнэхээр хэцүү байдалтай байна. Нэг нь нөгөөгийнхөө толгой руу  буудаж амийг нь хөнөөгөөд өөрийнхөө эрүүн тус газар буудсан байна” гэж ярив. Гэхдээ тэд үүнээс өөр зүйл хэлсэнгүй. Мөн зарим хүмүүсийн РС тоглоомын газарт засвар хийж байгаа гэсэн мэдээллийг үгүйсгэсэн юм. Учир нь хэргийн газарт ямар нэг засвар хийж байгаа байдал огт харагдаагүй ажээ.  Хамгийн сонирхолтой нь нэгэн цагдаагийн ажилтан  PC тоглоомын газраас цагаан тортой зүйл барьж гарч ирсэн. Түүн дотор нь талаасаа нэлээд доошилсон “Түмний ундаа”, 0.75 литрийн савлагаатай архины шил зэрэг бас бус зүйл харагдаж байсан юм. 

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж