”Намуудын дарга нар тохиролцсон бололтой”

Хуучирсан мэдээ: 2011.09.09-нд нийтлэгдсэн

”Намуудын дарга нар тохиролцсон бололтой”

Л.ГҮНДАЛАЙ: НАМУУДЫН ДАРГА НАР “СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХГҮЙ” ГЭЖ ТОХИРОЛЦСОН БОЛОЛТОЙ

УИХ-ын гишүүн Л.Гүндалайг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Ерөнхий   сайдад  Оюу­тол­гойтой холбоотой тог­тоолын биелэлтийн талаар асуулга тавьсан гишүүдийн  тоонд таны нэр орсон байсан. Та бүхний эцсийн зорилго юу вэ?

-Намайг хөдөөгүүр явж байх хойгуур Ерөнхий сайдад асуулга тавихаар тогтож, асуулгаа уржигдар өргөн барьсан юм билээ. Тиймээс миний нэр тэнд байх ёсгүй дээ. Гэхдээ би Ерөнхий сайдад асуулга тавьсан УИХ-ын гишүүдийн үйлдлийг зөв гэж бодож байгаа.

-Хэрэв та нийслэлд байсан бол дээрх гишүүдтэй нэгдэх байсан байх нь ээ?

-Нэгдэх байсан.  Учир нь УИХ-аас Оюутолгойн та­лаар нэлээд хэдэн шийдвэр, тогтоол гаргасан. Хамгийн сүүлд 57 дугаар тогтоол гаргасан байгаа. Уг тогтоолд ард түмний эзэмших хувь нь 51 байх ёстой. Эцсийн бүтээгдэхүүн гаргах зорилтыг ойрын хугацаанд хэрэгжүүлэх гэсэн заалтууд байдаг. Гэсэн ч Засгийн газар энэ заалтуудыг  өнөөдөр болтол хэрэгжүүлээгүй байгаа юм. Тиймээс л энэ нь Засгийн газрын тэргүүнийг ажлаа хийхийг анхааруулж дээрх асуулгыг тавих болсон. Хуу­лиараа бол асуулгын хариуг 14 хоногийн дараа өгөх ёстой. Миний хувьд асуулга тавьж буй УИХ-ын гишүүдийг дэмжиж байгаагаа дээр дурьдсан. УИХ-ын гишүүд ингэж шаардлага хүргүүлэхээс өөр аргагүй байна шүү дээ.  Өнөөгийн УИХ-д ямар ч хяналт байхгүй болсон. Хоёр нам засгийн эрхийг хамтран барьж байгаа болохоор алдаагаа харахаа больжээ. “Ажлаа хийж байгаа” гэсэн нэр зүүж байгаа ч Оюутолгойтой холбоотой асуудлуудыг цэгцлэхгүй байна. УИХ-ын тогтоол гарчихаад байхад хэрэгжүүлэхгүй байна гэдэг нь Засгийн газар ажлаа хийхгүй байна л гэсэн үг шүү дээ. Уг нь Засгийн газар хууль хэрэгжүүлэгч буюу гүйцэтгэгч байгууллага гэсэн статустай. Хуулинд юу гэж заасан байна, УИХ-аас ямар тогтоол гаргана түүнийг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой. Гэтэл одоогийн Засгийн газар УИХ-ын үүрэг даалгаврыг тоохгүй байгаа нь дээрх жишээгээр илэрч байгаа юм. Ер нь бол Засгийн газар УИХ-ын үүрэг даалгаврыг тоохгүйгээр барахгүй УИХ-аасаа эрх мэдэлтэй байгууллага болоод хувирчихлаа. Нэг үгээр хэлбэл, Засгийн газар “шархадсан” байгаа учир УИХ-ын гишүүд тэрхүү “шарх”-ыг нь эдгээх зорилгоор энэхүү шаардлагыг хүргүүлсэн гэж бодож байна.

-Засгийн газрын хийгээгүй ажлыг УИХ-ын гишүүд шүүрч аваад асуулга тавьж байгаа нь Засгийн газрыг унагах зорилгыг цаанаа агуулж байгаа гэсэн хардлага дагуулаад байгаа?

-Энэ асуулга хоёр үр дүн дагуулж болно. Асуулгыг авсан Засгийн газар мэдээж тун эвгүй байдалд орох нь ойлгомжтой. Учир нь асуулга тавьж буй тогтоолыг  нь хэрэгжүүлээгүй байдаг. Тогтоол дээр заасан тодорхой заалт байсан уу, байсан. Тэгэхээр Засгийн газрын зүгээс асуулгад өгөх хариулт байхгүй л болов уу. Эцэст нь энэ асуудал дээр Засгийн газар бүдэрч л байгаа байхгүй юу. Нөгөөтэйгүүр хамтарсан гэх нэрийдлээр олонхи нь Засгийн газраа дэмжиж байгаа гэдэг утгаар өөрсдийгөө хамгаалж, хаацайлаад ширэн нүүрлээд өнгөрч болох л юм.

-”Хэрэв асуулгын хариуг өгөхгүй бол дараагийн арга хэмжээг авна” гэж байсан. Энэ нь Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал ч байж болзошгүйг дээрх гишүүд цухуйлгасан шүү дээ. Та тэр үед нь тэдэнтэй нэгдэх үү
?

-Юу ч гэсэн энэ шаардлагад ямар хариу өгөх нь вэ гэдгийг эхлээд харъя. Ерөнхий сайдын хариултаас л бүх зүйл шалтгаалах гээд байна. Хариуг нь өгөөгүй байхад ингэнэ, тэгнэ гэж урьдчилж хэлэх юм алга. Гэхдээ Ерөнхий сайд хариу өгч чадахгүй байх гэж би хувьдаа бодож байгаа шүү. Хийгээгүй зүйлийнхээ төлөө ямар ч хариу өгөх вэ дээ.

-Ерөнхий сайдаас гадна хэсэг гишүүн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах асуудлыг дахиж сө­хөхөөр гишүүдийн гарын үсэг цуглуулж байгаа гэсэн.  Ийм санал танд ирсэн үү?

-Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах асуудлыг хоёр ч удаа тавиад түүнийг суудлаас нь хөдөлгөж дийлээгүй. Гурав дахь удаагаа энэ асуудлыг хөндсөн ч мөн л дийлэхгүй байлгүй дээ. Хоёрын хооронд цагийн гарз болно. Гэхдээ надад тийм санал ирээгүй.

 -Засгийн газрын тэргүүн болон танхимынх нь сайдыг “оролдож” эхэлсэн нь Засгийн газрыг унагаах гэсэн оролдлого хүчтэй байгаагийн илрэл биш үү?

-Ажлаа хийхгүй байгааг нь л сануулж байгаа нэг хэлбэр гэж бодож байна.

-“Засгийн газраас Ноос, ноо­луур үйлдвэрлэгчид болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор 300 тэрбум төгрөгийн бонд  гаргасныг ард иргэд сайшаан хүлээж авч байна” гэж Ардын намын гишүүд ярьж байсан. Таны хувьд бонд гаргасныг зөв гэж үзэж байгаа юу?

-Энэ мөнгө бол үйлдвэртэй хэдэн нөхдийн халаасанд орж байгаа. Зээл хэлбэрээр олгож байгаа ч үнэн хэрэгтээ салхинд хийсэх мөнгө. Тиймээс нэг их үр дүн хүлээх хэрэггүй л байх. Уг нь 300 тэрбум төгрөг гэдэг их мөнгө. Энэ мөнгийг өөр зүйлд зарцуулсан бол зүгээр байсан юм. Ноос, ноолуурын салбарынханд зээл өглөө гээд ирэх жилээс үйлдвэрүүд нь хүчин чадлаа сайжруулаад бүтээгдэхүүнийх нь үнэ дэлхийн зах зээлд өснө гэх баталгаа байхгүй. Харин энэ мөнгийг ноос, ноолуурын үйлдвэрүүдийн эзэд нь аваад байшин, барилга л барих байх. Түүнээс биш үйлдвэрүүдээ өргөтгөөд байна гэдэгт нь  би хувьдаа итгэхгүй байна. 

-Ардчилсан намын зүгээс хаврын чуулганы төгсгөлд УИХ-ын чуулганы болон байнгын хороодын хуралдаанаас завсарлага авсан. Гэтэл Сонгуулийн тухай хуулийг шинэчлэхээр хоёр намаас гарсан зөвшилцлийн ажлын хэсгийнхэн одоо болтол дорвитой шийдэлт хүрэхгүй байгаа нь Сонгуулийн тухай хуулийг шинэчлэхийг гацаанд оруулж байна. Тэгэхээр танай намын авсан завсарлага намрын чуулганы үеэр ч үргэлжилнэ гэсэн үг үү?

 -Ардчилсан намын бүлгийн зүгээс Сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлаар  авсан завсарлага хэвээрээ үргэлжилж байгаа. Намрын чуулган эхлэхэд Ардчилсан намынхан чуулганы нээлтэд оролцчихоод л завсарлагаа үргэлжлүүлэх байх гэж найдаж байна. Сонгуулийн тогтолцоотой холбоотойгоор Ардчилсан намын бүлэг завсарлага авах саналыг анх гаргасан гишүүн нь би. Одоогоос дөрвөн сарын өмнө Сонгуулийн тухай хуулийг шинэчлэхээр Ардчилсан намаас гарсан ажлын хэсгийнхэн бүлгийн хурал дээр ажлаа танилцуулсан юм. Үүний дараа бүлгийн гишүүдээс санал авахад би “Нэгэнт энэ тал дээр ахиц гарахгүй байгаа бол УИХ-ын чуулган болон байнгын хорооноос Ардчилсан нам завсарлага авъя” гэж хэлсэн. Манайхан энэ саналыг дэмжээд бид завсарлага авсан юм. Тиймээс би Ардчилсан намынхан өөрсдийн үзэл бодлыг тууштай хамгаалаасай гэж бодож байгаа.

-Үүний үр дүн нь юунд байна гэж. Сонгуулийн тухай хуулиас болж намрын чуулганаар хэлэлцэх ёстой чухал асуудлууд гацаанд орох юм биш үү?

-“Сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхгүй” гэсэн хуулийн заалт бий. Тэгэхээр шинэ жил буюу арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацаанд л амжиж Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх ёстой.  Хэрэв манай намын бүлэг УИХ-ын чуулган болон байнгын хороодын хуралдаанаас завсарлага авсан хэвээрээ байвал Сонгуулийн тухай хуулийг өөрсдийн хүссэнээр шинэчилж чадна. Учир нь бид завсарлага авсан хэвээрээ байвал 2012 оны улсын төсвийг энэ намрын чуулганаар баталж чадахгүйд хүрнэ. Хэрэв арванхоёрдугаар сарын 1-ний дотор улсын  төсвийг баталж чадахгүйд хүрвэл Засгийн газар огцордог хуультай. Тэгэхээр цаг хугацаанд шахагдаад ирэхээрээ Ардын намынхан өөрсдийн байр суурьнаасаа ухрахаас өөр аргагүйд хүрнэ. Энэ бүхэн манай намын байр сууринаас л хамаарах юм. Гэхдээ энэ бол миний бодол л доо.

-Хоёр намаас гарсан зөвшилцлийн ажлын хэсгийнхэн хаврын чуулган завсарласнаас хойш нэг ч удаа хуралдаагүй. Ер нь танай намаас гарсан зөвшилцлийн ажлын хэсгийн гишүүд та бүхэнд ямар нэгэн тайлбар тавьж байх юм уу?

-Миний ойлгож байгаагаар Ардын намынхан тойргийг аль болох жижиг, Ардчилсан намынхан тойргийг аль болох томсгох сонирхолтой байгаа. Ардын намынхан тойргоо жижигсгэж чадахгүй бол хуучин тогтолцоогоороо сонгууль явуулна гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Манайхан ч гэсэн Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх тал дээр тохиролцоонд хүрч чадахгүй бол хуучин тогтолцоогоороо ирэх жилийн сонгуулийг явуулна гэсэн ойлголттой байгаа.

-Ямар учраас тэгж хардаж байна вэ?

-Ер нь өнгөрсөн зун хоёр намын удирдлагуудын хэлж, ярьж байгаагаас  ажиглаад байхад ирэх жилийн сонгуульд сонгуулийн тойрог 2008 оныхоороо л үлдэх юм билээ. Хоёр нам цаагуураа тойргоо хуучнаар нь үлдээхээр тохиролцсон юм байна л гэж би хувьдаа хардаж байгаа.   
 
-Сүүлийн үед цөмийн хаягдлын тухай асуудлыг хурцаар тавих болсон. Энэ асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавих тухай ч ярьж байна. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Миний сонссоноор албаны хүмүүс Монголд цөмийн хаягдал булшлах талаар ярьсан сурагтай байгаа юм. Гэхдээ нарийн ширийн баримт байхгүй учир бодит мэдээлэл эсэх нь тодорхойгүй. Учир нь цөмийн хаягдлыг эх орондоо булшлуулахыг хэн нэгэн албан тушаалтан тийм ч амархан шийдчихдэг асуудал биш шүү дээ. Тэгэхээр энэ төөрөгдлийг нэг тийш нь болгох үүднээс Ерөнхий сайд байр сууриа илэрхийлж, тодорхой хариулт өгсөн нь дээр байх л гэсэн бодолтой байгаа.

-Ярилцсанд баярлалаа

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж