АНУ-д илт заналхийлсэн энэ үйл явдлын талаар Пентагоны төлөөлөгч "АНУ-ын Нью-Йорк, Вашингтон хотод халдана гэсэн маш ноцтой заналхийлэл бидэнд ирсэн” гэжээ. Алан хядагчид машинд тэсрэх бөмбөг тавина гэж заналхийлсан гэнэ. Халдлагад тус улсад амьдарч буй амиа золиослогч гурван исламаас гадна тус улсын иргэн оролцоно гэж мэдээлсэн ч тагнуулын байгууллага үүнийг батлаагүй байна. АНУ-ын шүүх яамны Терри Фрейден тус улсад заналхийлсэн алан хядагчдын дээрх мэдэгдлийн талаар албан ёсоор мэдээлсэн ажээ. Албаныханы мэдээлж буйгаар заналхийлсэн мэдэгдэл лхагва гаригийн үдэд ирсэн гэнэ. АНУ-д алан хядагчдын заналхийлэл ердийн үзэгдэл бөгөөд тэр тусмаа улс төрийн чухал үйл явдлын үеэр хуурамч мэдээлэл, заналхийлэл нэмэгддэг талаар ч мөн албаны хүмүүс ярьсан байна.
Тус улсын Аюулгүй албаны хэвлэлийн төлөөлөгч Мэтью Чандлер “АНУ есдүгээр сарын 11-ний аймшигт халдлагыг огт мартаагүй. Жил бүрийн энэ өдөр бид сонор сэрэмжээ алдахгүй. Бас яг энэ өдөр дээрх шиг заналхийлэл ихээр гардаг гэдгийг ч андахгүй. Гэсэн хэдий ч бид заналхийлэл болгоныг ул суурьтай шинжилж, болзошгүй аюулыг зайлуулахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах болно” гэжээ. Хэдийгээр алан хядагчдаас заналхийлэл байнга ирдэг авч энэ удаагийн заналхийлэл илүү ноцтой байж болохыг албаны хүмүүс анхааруулж байгаа юм байна. Учир нь АНУ-ын тусгай алба алан хядагч Аль-Кайда бүлэглэлийн удирдагч Осама Бин Ладеныг устгасны хариуд алан хядагчид тус улсад энэ сарын 11-нд террорист халдлага үйлдэж болзошгүй гэсэн айдас иргэдэд бий болоод байгаа ажээ.