Торгууд түмний өлгий болсон Ховд аймгийн Булган сум өнөөдөр 80 жилийн ойгоо тэмдэглэж байна. 1931 онд Монгол Алтайн давааны чанад Булган голын хөвөөнд байгуулагдсан Булган сумын баруун таван аймгийн эдийн засагт зохих нөлөөтэй. БНХАУ руу нэвтэрдэг Булганы боомт бүс нутгийн хөгжилд ихээхэн үүрэгтэй. Тиймээс ч боомт сумыг хөгжүүлэх тусгайлсан бодлого байх учиртай хэмээн Булган сумын Засаг дарга С.Баярсайхан ярьж байна. “Алслагдсан сум орон нутгийн хөгжилд төр засгийн зүгээс ихээхэн анхаарал хандуулж байгаа ч боомт сумын хувьд ялгаатай бодлого байх хэрэгтэй. Боомт сумын хөгжлийг Замын-Үүд боомттой ижил нөхцөлд авч үзэх учиртай” хэмээн Засаг дарга манай сурвалжлагчид ярилаа.
Булганчууд 80 жилийн ойгоо их бүтээн байгуулалтаар угтаж байна. Юун түрүүн Булган сумын уугуул залуусыг нэгтгэдэг “Торгон нутаг” клубийн дэмжлэгээр сумын төвд Чингисийн бага хүү Тулуйн Сорхогтан хатны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, Увш ханы хөшөөг ойн өдрөө нээж байна. Улаанбаатарт амьдардаг торгууд залуус энэ бүтээн байгуулалтад 300 сая төгрөг зарцуулжээ. Увш бол 1771 онд Оросын Ижил мөрний хөвөөнөөс торгууд түмнийг Монгол нутагт нь авчирсан их гавьяат түүхэн хүн юм. Торгууд түмний түүхийг өгүүлэх энэхүү газар өнөө болоод хойш үеийн залууст өвөг дээдсийнхээ баатарлаг үйлсийг үргэлж сануулж байх нь гарцаагүй.
Ой угтсан бүтээн байгуулалтаас дурдвал: “Таван богд” групп 36 сая төгрөгөөр Булган сумын төвд халуун усны газар байгуулж ашиглалтад оруулсан, улсын төсвийн хөрөнгөөр буюу 14 сая төгрөгөөр гүний худаг ухсан, “Мон-Эко” компанийн дэмжлэгээр сумын төвд 720 сая төгрөгийн өртгөөр 4 км хар зам тавьсан, мөн улсын төсвийн хөрөнгөөр хүний таван цулыг оношлох өнгөт ЭХО аппаратыг суурилуулжээ.
Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаагийн дэмжлэгээр Булган сумыг хийдийг сэргээн засварлаж, өчигдөр нээлтээ хийсэн байна.
Сумын ард иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлийг хангах бүтээн байгуулалт хийгдэж байгаа ч сумын иргэдийн шийдэж чадахгүй асуудлууд цөөнгүй байгааг Засаг дарга С.Баярсайхан хэлж байна. Тухайлбал, аймгийн төвөөс 385, нийслэл Улаанбаатараас 1855 км алслагдсан энэ сумын иргэдийн хувьд агаарын тээвэр нэн чухал байгаа аж. Хэдийгээр “Изинис эйрвэйз” компани Булган сум руу нислэг хийж байсан ч сүүлийн нэг жил бараг зогссон байна. Өвдөж зовсон иргэд яаралтай тусламж хэрэгтэй болоход агаарын нислэггүйгээс цаг алдах, хохирох тохиолдол байгаад Засаг дарга зовинож байгаагаа хэлсэн.
Өнөөдрийн байдлаар Булган суманд 40 мянга гаруй иргэд аж төрж байгаагийн 80 хувь нь торгууд юм. Энэ зун торгуудууд нийслэлд ирж торгууд урлагийн баяр хийснийг иргэд санаж байгаа байхаа. Урлагийн их авьяас билгээс гадна үзэсгэлэнт байгалиараа торгуудууд бахархдаг. Өвөл 35.5-40 хэм хүртэл хүйтэрч, зун намарт 38-40 хэм хүрдэг эрс тэс уур амьсгалтай. Цоохор, Гашуун нуур, Хагшаал, Аавдай, Баянгол, Индэрт зэрэг 50 гаруй гол горхитой, эдгээр нь бүгд Булган голд цутгана. 100 гаруй км урсах Булган гол алгана, цурхай, хадран загасаар элбэг, мөн дэлхийд ховордсон Алтайн минж нутагладаг.
Булган нутаг вансэмбэрүү, шар мод, нохойн хошуу, алтан гагнуур, чийр, чихэр өвс, хулангийн ундаа, таван салаа зэрэг эмийн ургамалтай.
Энэ нутгаас Монгол улсын баатар Баясгалангийн Бадам, Энхийн Шийлэг, Хөдөлмөрийн баатар Р.Лувсан, Ж.Отгонцагаан, Ж.Батлай, Х.Түвшин, Р.Хашбаатар, Б.Баадай, М.Бааст, Ардын багш Д.Занданшарав, Х.Бадамсэд зэрэг алдар гавьяатнууд төрөн гарсан.
Торгууд түмэн минь сайхан наадаарай.