
Оросын сайтуудад гарсан мэдээлэлд дурдахдаа Монголоос ирэн суралцаж байгаа дөнгөж 18 настай тэдгээр залуу сонсогч нарын толгойг илэх багш нар цэргийн сургуульд байхгүй ч дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн Их хааны үр сад ийнхүү суралцахаар ирсэнд нь олзуурхан, анхаарлаа хандуулж байгаа гэжээ. Өнгөрсөн жил ОХУ-д хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Болд Оросын энэхүү нэр хүндтэй цэргийн сургуульд монгол хөвгүүдийг суралцуулах асуудлаар харилцан тохиролцсон нь ийнхүү биеллээ олж байгаа юм байна. Монголын сонсогчдын хувьд одоогоор цэргийн эрдэмд суралцахаас гадна орос хэлний нарийн дүрэм зүйг ч бас сайн судлах хэрэгтэй болж байгаа гэнэ. Бусад сонсогчдын хамтаар нэг эгнээнд зогсож байгаа тэднийг зөвхөн зүүн ханцуйн дээр нь байх Монголын зэвсэгт хүчний онцлох тэмдэг л ялгаруулж байсан гэж Оросын сэтгүүлч бичжээ. Эдгээр сонсогчид маш хатуу шалгуурыг давж байж Орост ирсэн бөгөөд гурван зуун шилдэг эрсээс хамгийн сайн арван наймыг нь энэ нэр хүндтэй цэргийн сургуульд илгээсэн байна.
Яг одоо бол монгол залууст Оросын алдарт цэргийн сургуулиар дамжин генералын мөрдөс зүүх замд нь учирч буй хамгийн бэрх даваа нь орос хэл болон уран зохиолын хичээл болж байгаа гэнэ. Орос багш нар тэднийг гадаадынхан гэдэг байдлаар “харж үзэхгүй” гэдгээ илэрхийлсэн тул монгол залуус гараасаа толь бичиг салгахгүй байгаа аж. Харин жагсаалын бэлтгэлийн хувьд монгол сонсогч нар хамт сурч буй орос нөхдөөсөө хэдийнээ тасарсан байгаа хэмээн багш нар нь хэлжээ. Харин тун удахгүй монгол сонсогчдыг төрөлх хэлээрээ хоорондоо ярилцахыг нь хорино гэж сургагч багш нь ярьж байна. Ингэснээр орос хэлийг төгс сайн сурахад нь туслах болно хэмээн багш нар нь найдаж байгаа аж.
СУВОРОВЫН ЦЭРГИЙН СУРГУУЛЬ
Дэлхийд томоохонд тооцогдох нэр хүнд бүхий цэргийн алдартай сургууль болох Суворовын цэргийн сургуулийг Эх орны дайны үед буюу 1943 онд байгуулсан байна. Фашистын Германы түрэмгийллийн хамаг хүнд бэрхийг Орос Зөвлөлтийн ард түмэн нуруун дээрээ үүрч байсан тэр дайны хүнд үед фронтод эцэг эхээ алдсан, эсвэл төрөл төрөгсдөөсөө төөрч гээгдэн дайны хатуу ширүүн амьдралд нухлуулсан орос хүүхдүүд энэ сургуулийн анхны сонсогчид болж байсан гэдэг. Хатуу ширүүн амьдралд орхигдсон тэдгээр хүүхдүүдийг энэхүү Суворовын цэргийн сургуульд суралцуулахын зэрэгцээ халамжлан хүмүүжүүлж байсан түүхтэй ажээ. Дайны дараа буюу 1950-аад оны эхнээс Суворовын цэргийн сургууль цэрэг дайны номлол, цэргийн техник, шинжлэх ухааны сургалтдаа түлхүү анхааран өөрийн салбарын сонгодог хэв шинжийг олж эхэлсэн байна. Энэ үеэр Суворовын цэргийн сургуулийн анхны төгсөгчид эрдмийн ширээнээсээ босон Оросын армийн эгнээг бэхжүүлж эхэлсэн байдаг. Эх орны дайны үеэр Орос Зөвлөлтийн цэрэг армийн олж авсан арвин туршлага, дайны арга барилыг улам бүр хөгжүүлэн сургасаар ирсэн энэ сургууль тун удахгүй далан жилийн ойтойгоо золгох бөгөөд Оросын Москва, Санкт-Петербург, Екатеринбург, Казань зэрэг томоохон хэд хэдэн хот болон муж нутгуудын төвүүд, мөн Белорусийн нийслэл Минск хотод салбар сургуулиудтай болжээ. Тус сургуулийн сургалтыг улам эрчимжүүлж хоёр жилийн сургалттай болгосон бөгөөд Суворовын цэргийн сургуулийг төгсгөсөн сонсогчид цаашдаа Оросын цэргийн их дээд сургуулиудад амжилттай суралцах өргөн боломжийг олж авдаг байна. Өрнөдийн орнуудад ч энэ сургуулийн сургалтыг өндрөөр үнэлдэг ба Оросын армийн хуурай замын болон бусад тусгай үүргийн үндсэн боловсон хүчнийг бэлтгэх гол сургууль болсоор байна. Харин Оросын тэнгисийн цэргийн хүчнйи ижил чиг үүрэг бүхий сургууль байдаг нь оросын нэрт адмирал Нахимовын нэрэмжит тэнгисийн хүчний сургууль болж байдаг аж.
АЛЕКСАНДР СУВОРОВ
Орос улс өөрийн хамгийн нэр хүндтэй цэргийн сургуулиа энэ хүний нэрээр овоглох болсон нь энгийн зүйл биш ажээ. Александр Суворов бол Оросын түүхэн дэх хамгийн гарамгай жанжин хэмээн алдаршсан төдийгүй дэлхийн цэрэг дайны түүхэнд гялалзсан ялалтаараа мөнхөд дуурсагдах гавьяатай жанжин байв. Тэрээр 70 наслахдаа нийт 60 тулалдаанд өөрийн цэргийг авч орж байсан бөгөөд нэг ч удаа ялагдаж үзээгүй төдийгүй бүгдэд нь ялалт байгуулж чадсан хосгүй авьяастай жанжин байсан аж. Түүний тухай гайхалтай сонин түүх багагүй байдаг бөгөөд Оросын цэргийн генералын хүү болж төрсөн тэрээр багадаа сул биетэй хүүхэд байсан гэдэг. Гэвч өөрийн мятаршгүй тэмцэгч зан чанар, уйгагүй хичээл зүтгэлээр бусдад үлгэрлэхүйц эрүүл чийрэг болон өсөж 13 настай байхдаа Оросын армид алба хааж эхэлсэн байна.
Цэргийн эрдэм ухааныг суралцаж байх үедээ Суворовын гайхалтай авьяас билэг нь тодорч улмаар анги нэгтгэл удирдсан дээд офицер болон оролцсон тулаан бүртээ өөрийн чадварыг гайхуулж байсан байна. Суворов удирдаж байгаа цэргүүдээ өөрийн цэргийн номлол, арга тактикт сурган боловсруулдаг байсан бөгөөд орос цэргийг хайрлах, тэдэнтэй амь нэг тулалдах зан чанарыг Оросын армийн үе үеийн жанжнуудад өвлүүлсэн гайхалтай жанжин байсан гэдэг. Багаасаа энгийн хатуу амьдралыг давж туулсан Суворов язгууртнуудыг тоож харьцдаггүй байсан нь түүнийг ялгаварлан гадуурхагдахад хүргэж байсан гэдэг. Гэвч тэр цэргүүдийнхээ хоолноос идэлцэж, хүнд бэрх дайн тулааны замд дэм болохыг эрмэлдздэг байсан нь Суворовын гялалзсан ялалтуудын бас нэгэн “жигүүр” болдог байжээ. Суворовын цэрэг дайны арга барил нь шийдмэг, идэвхтэй давшилтыг эрхэмлэсэн арга ухаан байсан бөгөөд Туркийн армитай хийсэн тулааны үеэр хуурай замын цэргийн давшилтыг тэнгисийн флотын давшилттай хоршуулан бэхлэлтийг маш түргэн хугацаанд эзлэн авах гайхалтайт тактикийг боловсруулж хэрэглэсэн нь одоо ч цэрэг дайны номлолд хичээл болж орсоор байдаг гэнэ. Мөн тэрээр давшилтын үед тэргүүн эгнээний цохилтыг хажуу жигүүрийн цохилтуудтай хамтатгах аргууд болон жагсаалын эгнээний довтолгоо, жагсаалыг тараан байрлуулж тулалдах тактик зэрэг тухайн үедээ шинэлэг арга барилуудыг тулааны талбарт ашиглан ялалт байгуулдаг байсан нь түүхэнд тэмдэглэгджээ.
Суворов үргэлж хурдан шаламгай алхаж явдаг байсан бөгөөд морь унасан л бол үргэлж давхиж явдаг нэгэн байсан аж. Түүний дайчин шантаршгүй зан, авьяас ухаан, арга барилаас нь суралцаж байсан Оросын цэргийн офицеруудаас хожим үеийн алдартай цэргийн удирдагчид Кутузов, Багратион зэргийн олон гайхалтай жанжнууд төрсөн гэдэг. Александр Суворовын алдартай ялалтуудын нэг нь цэргүүдээс нь гурав дахин олон тоотой Францын армийн бүслэлт дунд Альпийн нурууг даван гарч дайсныхаа араас гэнэтийн цохилт хийн ялсан тулалдаан юм. Цас мөс, цавчаал хадан дунд армитайгаа бэрх замыг туулан энэ тулалдаанд ялалт байгуулж байхдаа алдарт жанжин Суворов 69 настай байсан байна. Альпийн нуруунд болсон тулааны дараа тэрээр гэртээ өвчтэй буцаж ирээд удалгүй насан өөд болсон ба одоо түүний чандрыг Оросын хуучин нийслэл Санкт- Петербург дэх Невскийн сүмд эрхэмлэн залсан байдаг гэнэ. Самбар дээр “Энд Суворов нойрсож байна” гэсэн товчхон үгийг сийлсэн байдаг ажээ.
Видеог ЭНД дарж үзнэ үү.
Холбоотой мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
"Ардын эрх" сонин
