“Ийм нэгэн дурлал”, “Миний хөрш чөтгөр”, “Амьдралын амт”, “Дэв” зэрэг киноны зохиолуудыг бичиж, “Боловсрол суваг” телевизийн “Кино үзэх цаг” нэвтрүүлгийг хөтлөхөөс гадна үзэгчдийн үзэх дуртай олон зуун орчуулгын кинонд дуу оруулсан кино зохиолч, найруулагч, жүжигчин А.Миеэгомбо кинонд дуртай үзэгчиддээ зориулан бас нэгэн шинэ бэлэг барих гэж байна. Энэ бол Монголд анх удаа 3D технологиор бүтээж байгаа түүний цоо шинэ уран бүтээл бөгөөд одоогоор киноныхоо зураг авалтаа дуусган эвлүүлэг, хөгжмийн ажилдаа оржээ. Инээдмийн төрлийн энэ шинэ кинонд УГЖ Н.Нэргүйбаатар, Х-ТҮЦ хамтлагийн жүжигчин Д.Төвшинтөр, УДЭТ-ын жүжигчин Г.Эрхэмбаяр, Г.Алтаншагай, “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Б.Даулетжан, “Маск продакшн”-ы жүжигчин М.Баярмагнай, УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг, Хадбаатар аваргын хүү Х.Даваажав зэрэг олон уран бүтээлчид тогложээ. Харин киноны нэрний хувьд жүжигчин Д.Төвшинтөр хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Сайн, муу, хэрцгий” хэмээн нэрлэсэн ч энэ нэр өөрчлөгдөж магадгүй талаар ам алджээ.
Монголын үзэгчдэд 3D технологийн гайхамшгийг мэдрүүлсэн үнэхээр сайн кино болсон гэдэгт уран бүтээлчид нь итгэлтэй байгаа юм. Энэ сард нээлтээ хийнэ хэмээн уран бүтээлчид хэлсэн ч хараахан товоо зарлаагүй байна.
А.Зул