Хуучирсан мэдээ: 2011.09.09-нд нийтлэгдсэн

”Олгой хагарах уу?”

Өчигдөр Сэтгүүлчдийн эв нэгдлийн өдөр байв. Бага зэрэг гайхалтай, бас хуучинсаг ч гэмээр энэ өдрийг Монголд тийм ч олон хүн мэдэхгүй байж магадгүй. Өнгөрсөн зууны 1943 оны есдүгээр сарын 8-ны өдөр фашизмын эсрэг тэмцэгч, сэт­гүүлч зохиолч Юлиус Фучикийг цаазлан хороожээ. Тэрбээр 1941 онд Германы гестапод баригдаад Прагын шоронд хоригдож байхдаа бичсэн “Цаазын газраас бичсэн тэмдэглэл” хэмээх номоороо алдартай, монгол хэлээр ч орчуулагдан гарсан. Хэдэн жилийн өмнө НҮБ энэ өдрийг албан ёсны тэмдэглэлт өдөр хэмээн зарлан тунхагласан. Харин сэтгүүлчдийн хүрээ­нийхэн л мэддэг болохоор олон нийтэд төдийлөн танил биш. Энэ өдөр сэтгүүлчдэд баглаа цэцэг илгээх шаардлагагүй. Харин сэтгүүлч бидэнд шийд­вэрлэх, бодох асуудал олон байна. Бидний хэсэг нөхөд хэд­хэн хоногийн өмнө хуралдаж Монголын сэтгүүлчдийн нэгд­сэн эвлэлийг шинэчлэх түр хороо байгуулсан. Араас нь улстөржсөн гэмээр тайлбарууд ч дагалдах маягтай хэсэг хугацаа өнгөрөв. Ер нь бол сэтгүүлчид хоорондоо хагаралдаж тэмцэл­дээд байдаг хүмүүс биш. Харин ч их аминчхан “олгой хагаравч тогоон дотроо” гэсэн маягтай, нэгнээ орон шоронд дуудагдаж, улстөрчдөд бөөрөлхүүлж гэмээ­нэ хамтраад тэмцэх инстинктээр сайн. Харин энэ удаагийн асуудал анхаарлын төвд орж ирсэн нь Монголын нийгмийн хамгийн идэвхтэй цикл сонгууль айсуйгаас бол уу.

Зарим хүн МСНЭ-ийг шинэчлэе хэмээсэн нь хуучин удирдлагыг л зайлуулах үндсэн зорилготой гэж өөрсдийнхөөрөө томьёолж байх шиг. Магадгүй ямар нэг эвсэл, эвлэл холбоод бужигнаад ирэхээр удирдлагын тухай асуудал л ард нь байдаг гэдэг “уламжлал” ёсоор. Мэдээж энэ бол мэргэжил нэгт андуудын маань гол зорилго биш байх. Тэгээд ч асар олон жил салхи ороогүй удирдлагыг сольж, ядах­даа дэлхийн өнөөдрийн цаг хугацаатай хэл, хөл нийлдэг, шинэ залуу цусаар сэлбэгддээд илүү сайжирч болох юм гэсэн са­наа байсан ч буруу нь юу байх вэ.
Гэхдээ нөгөө талаас нэг Ерөнхийлөгчийг нөгөөхөөр соли­лоо гэхэд яг юу өөрчлөгдөх юм бэ гэсэн асуулт байна. Мон­го­лын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлага тийм  хү­сээд байх суудал мөн үү?

Өнөөдөр сэтгүүл зүй сал­бар эрэмдэг зэрэмдэг бөгөөд өрөвдөлтэй байгаа гэж хатуу шүүмжилдэг хүмүүс бий. Хэдийгээр үүнтэй зуун хувь санал нийлэхгүй ч хэвлэл мэдээллийн байгууллагууд мэргэж­лийн төвшинд хүрсэн, санхүүгийн хувьд өсч өндийж, хөл дээрээ бат зогсох чадвартай болсон гэвэл уучлаарай үүн шиг худал зүйл үгүй. Сэтгүүл зүйн талаарх ямарваа нэг “асуудал” эцсийн эцэст санхүүгийн эрх чөлөө, бусдаас хараат бус байж чадах эсэх дээр ирээд гацчихдаг. Сэтгүүлчдийн чадвар, хэрэг­лэгчдэдээ хүргэж байгаа мэдээл­лийн чанар гэх мэт наад захын шалгууруудын тааруухан дүн­гийн ард санхүүгийн чадвар хэмээх бидний хувьд асар хүчтэй бас шийдэж чадахгүй “хүчин” зогсч “айлгаж” байдаг билээ. Бизнесийн орчин нь эрүүл бус, зах зээлийн хэмжээ бага гээд өнөөгийн Монголд бизнес явуулагсдад тулгардаг бүх хүндрэл бидэнд таардаг.

Тэгвэл сэтгүүлчдэд мэргэж­лийн чиглэлийн дэмжлэг үзүү­лэх, эрх зүйн орчныг боловс­ронгуй болгох гэх мэтээр үнэхээр л ус агаар мэт хэрэгтэй байгаа ажлуудыг хэн, хамгийн гол нь ямар санхүүжилтээр хийх вэ? Монголын тулгар сэтгүүлзүйд хамгийн том хөрөнгө оруулалт болсон Данийн Засгийн газрын дэмжлэг шиг том төсөл орж ирэхгүй л бол сэтгүүлчдийн ядуухан байгууллагын удирд­лагууд дахиад л бадар барихад тулна гэдэгт нэг их эргэлзэхгүй байна. Урдахь удирдлагын “зам жимээр” орж Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, наашаа харж инээсэн “бүлээн” зүстэй болгон руугаа “хандрах”-аас аргагүй болж, тэрний энэний хүн гэж ялгаа­гүй л цоллуулна. Өнөөдөр “хэдхэн” сая төгрөг гаргаж шидээд сэтгүүлчдээ сургалтад хамруулах редакци цөөхөн /магадгүй бүр байхгүй/ гэдэгт нэг их эргэлзэхгүй байна. Салбар нь тэр чигээрээ эрүүлжээгүй, бяджаагүй байхад бид өөр хоорондоо төрийн бус байгууллагаа тойрон хэрэлдээд ч яах юм билээ, тэр тусмаа томхон сэтрээс цаашгүй удирдлагынх нь суудлыг булаацалдаад ч яах юм билээ?

Гэхдээ мэдээж хэрэг огт юу ч хийхгүй байснаас оролдоод үзье, шинэчилье, ярилцъя, хэлэлцъе гэж байгаа нь сайн байлгүй яах вэ. Сэтгүүлчид хэвлэлийнхээ удирдлагыг булаацалдаж, хоо­­рон­доо толхилцоод гэж хэлүү­лэх муухай нь ч муухай. Гэхдээ “олгой хагаравч тогоон дотроо” гэж өмхийрч суух нь илүү ч муухай байж магадгүй.

 А.АЛТАНТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж