Өөрөөр хэлбэл, ирэх арванхоёрдугаар сарын 22-ны дотор УИХ хуулиа батлан гаргаж чадахгүй бол ирэх сонгуулийг хуучин хуулиар, 2-4 мандаттай том 26 тойрог буюу мажоритари системээр явуулах болно. Нөгөө л нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлддөг, сонгогчдыг басамжилсан хууль бус сурталчилгаа, популист амлалтууд үргэлжилж, хувь улстөрчдийн ганцаарчилсан тоглолт, жалга довны хүчин зүйл, данс бүртгэлгүй далд мөнгөний өрсөлдөөн давтагдана гэсэн үг.
Үр дүнд өнөөг хүртэл бидний үзэж туулсан нэгдмэл бодлого, нэгдсэн байр суурьгүй шуудайд хийсэн үхрийн эвэр шиг хэдэн нөхөд гарч ирээд төсвийн зарлагыг чадлынхаа хэрээр тэлж, жижиг тойрогт дулдуйдсан “жижиг” улс төр хийснээр уул уурхайгаас ирээдүйд олох бүх орлого элсэнд асгасан ус мэт үр ашиггүй зарцуулагдах болно. Тиймээс үлдэж буй энэ гурван сарын хугацаа манай улстөрчид, хууль тогтоогчдыг өнгөрөгч 2008 оны сонгууль, долдугаар сарын 1-ний эмгэнэлт явдлаас авсан сургамж, түүнээс хийсэн дүгнэлт, гаргасан байр суурь дээрээ хатуу зогсч, хувийн болон намын эрх ашгаа түр боловч хойш тавин сонгуулийн тогтолцооны шинэчлэл дээр урьд өмнөхөөс илүү шаргуу ажиллахыг шаардаж байна.
Өнгөрсөн хаврын чуулганы хугацаанд УИХ сонгуулийн хуулийн шинэчлэл дээр бүтэн жил гаруй ажилласан ажлын хэсгийн саналыг хэлэлцүүлэгт оруулж, мажоритари буюу тойргийн тогтолцоог өөрчлөн холимог хувилбараар хуулиа гаргахаар санал нэгдсэн боловч хэрхэн “холих” тухай асуудал хоёр намын бүлгийнхнийг гацаанд оруулсан билээ. Ардчилсан намын бүлгийн гишүүд үүн дээр 50:26 буюу пропорциональ давамгайлсан холимгийг /50 гишүүн намын жагсаалтаар, 26 нь одоогийн байгаа 26 тойргоос гарна гэсэн үг/, харин МАН-ын бүлгийн гишүүд 24:52 буюу мажоритари давамгайлан ”холихыг” /24 гишүүнийг намын жагсаалтаар, 52-ыг нь одоогийн байгаа 26 тойргоос хоёр, хоёроор гаргана гэсэн үг/ хүчилж, эсрэг тэсрэг энэ байр сууринаас болж сонгуулийн хуулийн хэлэлцүүлэг зогсоход хүрсэн билээ.
Үүний дараа хэлэлцүүлгийг цааш явуулахын тулд Ардчилсан намын бүлгийн зүгээс тодорхой хэмжээнд буулт хийж, 38:38 гэдэг дундын хувилбар гаргаж ирсэн боловч МАН-ын бүлэг хүлээж аваагүй. Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг ахалсан УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар нар ч хуулийн төсөл дээр анх УИХ-ын даргын зөвлөлөөс өгсөн чиглэл буюу пропорциональ давамгайлсан 50:26 гэдэг хувилбарыг дэмжүүлэхээр намын бүлэг болон байнгын хороод дээр нэлээдгүй тэмцэл өрнүүлсэн ч МАН-ын Удирдах зөвлөл мажоритари давамгайлсан 24:52 гэдэг хувилбарыг УИХ дахь бүлэгтээ тулгаснаар хоёр намын бүлгийн хоорондох зөвшилцөл бүрмөсөн зогссон юм.
Учир нь анх хуулийн төсөл дээр намын бүлгүүд болон байнгын хорооноос ажлын хэсэг томилох үед УИХ-ын удирдлагууд “пропорционалийг шууд авч, нэг тогтолцооноос нөгөө тогтолцоонд шилжих нь цаг хугацааны хувьд эртдэнэ” хэмээн үзэж, пропорциональ давамгайлсан холимог байдлаар хуулийн төслөө боловсруулах чиглэлийг ажлын хэсгийнхэнд өгсөн билээ. Ийнхүү бүтэн жил гаруй боловсруулсан ажлын хэсгийн санал, УИХ-ын шийдвэрийг нэг намын удирдах зөвлөл дангаараа өөрчлөх болсон нь “УИХ-ын хууль тогтоох бүрэн эрхэд халдсан хэрэг” хэмээн үзэж, Ардчилсан намын бүлэг өөрсдийн байр сууриа хамгаалахаар Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгээс завсарлага аваад байгаа. Уг нь чуулганы завсарлагааны хугацаанд хоёр намын ажлын хэсэг уг асуудлаар дахин зөвшилцөл, хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр амласан хэдий ч өнгөрсөн хоёр сарын хугацаанд энэ ажил огт яваагүй. Харин энэ сараас ажилдаа орж эхэлж буй УИХ-ын гишүүд Сонгуулийн хуулийн талаар мөн л эсрэг тэсрэг гэхээр байр суурийг илэрхийлж эхэллээ.
Тухайлбал, МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс Ардчилсан намын санал болгосон 38:38 гэдэг хувилбарыг дахин өөрчилж, мажоритари суудлыг наад зах нь 40-45 болгох санаачилгыг ил, далд ярьж эхлээд байна. Энэ нь өмнөх удаа тус намын бүлгийн дарга Д.Лүндээжанцангийн илэрхийлж байсанчлан “Манай намын бүлгийн гишүүн тус бүрт нэг нэг тойрог өгөхгүй бол наад хууль чинь явахгүй шүү” гэдэг анхааруулгатай агуулгын хувьд нэг юм. Шалтгаан нь тун энгийн.
Нэгдүгээрт, тус намын шинээр авсан МАН гэдэг нэр сонгогчдын нүд, чихэнд хангалттай дасал болж чадаагүй тул намын нэрээр санал авах нь тус намд эрсдэлтэй гэж тэд үзэж буй. Хоёрдугаарт, намын нэрийг үлдсэн хугацаанд хоногшуулж чадна гэж үзээд пропорциональ давамгайлсан хувилбарыг дэмжлээ гэхэд одоо УИХ-д сууж буй тус намын бүлгийн 45 гишүүний бараг тал хувь нь тойроггүй үлдэх магадлалтай тул тийм эрсдэл хийж тогтолцооны шинэчлэлийг явуулах эр зориг хувь гишүүдэд дутаж буй хэрэг. Тиймээс ч Ардчилсан намын бүлэг Засгийн газарт хамтарч буй хөрш намынхаа “хүндэтгэн үзэх”-ээс өөр аргагүй энэ эрх ашгийг давхар харгалзан буулт хийж, 38:38 гэдэг дундын хувилбарыг гаргасан биз.
Гэвч үнэн хэрэгтээ МАН дотроо хэнийгээ нэр дэвшүүлэх, намын жагсаалтад хэнийг, тойргуудад хэнийгээ зоох нь тухайн намын дотоод асуудал билээ. Өөрөөр хэлбэл, намын дарга болоод ерөнхий нарийн бичгийн дарга, МАН-ын удирдах зөвлөлийн санаа тавих ёстой гол асуудал энэ. Түүнээс биш хууль УИХ-ын гаргасан байр суурь, өгсөн чиглэлийг санаан зоргоор өөрчлөх нь тэдний хэр хэмжээний асуудал уг нь биш л дээ. Хамгийн гол нь нэг намын дотоод дахь эргэлзээ, зөрчилдөөнтэй байдлаас болж нийт улс орон, сонгогчдын эрх ашиг хохирох ёсгүй гэдэг нэгдүгээр зарчим. Сүүлийн үед бас нэг санаа цухалзах болсон нь сонгуулийн хуулийг гацаанаас гаргахын тулд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх хэрэгтэй гэдэг “гөрдлөг”. Нөгөө л одоо байгаа гишүүдээ тойрогт багтаах гэсэн хувилбар. Гурван жилийн өмнө хэлсэн бол ажил хэрэг болгох боломж байсан байж магадгүй. Тогтолцоо нь л зөв чигтээ явж байвал 100 гишүүнтэй байсан, 76-тай байсан ялгаа юун гээд баталж болно. Зорилго нь аргаа зөвтгөнө гэдэг шиг. Харин гуравхан сарын хугацаа үлдээд байгаа энэ үед бол боломжгүй зүйл. Учир нь гишүүдийг тоог өөрчлөхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Хэдийгээр УИХ “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай” хуулийг баталсан ч гэлээ өөрчлөлтийн талаар ямар ч төсөл, санал одоо хүртэл боловсруулагдаагүй байгаа. Тиймээс гишүүдийг тоог нэмсэнээр сонгуулийн хуулийг “аврах” тухай энэ гөрдлөг асуудлыг шийдэх бус, анхаарал сарниулах арга мэх төдий болж харагдаж байгаа юм.
Харин 38:38 буюу одоо үлдэж буй хувилбарын тухайд тэртэй тэргүй хүн амын тоо харилцан адилгүй болчихоод байгаа одоогийн 26 тойргийг хүн амын тоог нь тэнцүүлэх байдлаар шинээр хуваарилахад л болж байгаа юм. Тэгэхээр хуулийг өөрчлөх нь тийм ч хэцүү биш, харин гишүүдийн энэ “амь аргацаасан” хандлагыг өөрчлөх л хамгийн хэцүү асуудал болоод байна.