Нэгэн салбарынхан гэсэндээ тэдний өөрсдийн “хэл” ч бас ондоо. Чихний үзүүрт “Энэ жил гайгүй өрөмдлөг хийж чадав уу?”, “Катын машин чинь хэр байна” гэхчилэн мэргэжлийн үг хэллэг шүргэнэ. Энд гэхдээ зөвхөн уул уурхайн салбарынхнаас гадна тэдэнд үйлчилгээ үзүүлдэг банк, санхүүгийн байгууллагууд, бүтээгдэхүүнээ санал болгох компаниуд, бүр гар утасны үйлчилгээний операториуд ч оролцдог.
Эхний өдрийн хуралдаанд “Монголд хөрөнгө оруулах боломжууд”, Дэлхийн уул уурхайн томоохон бирж Монголыг хэрхэн харж байна вэ”, Азийн бүс нутгийн эрдсийн бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ, зах зээл” гэх мэт олон сэдвээр илтгэл сонсгож, саналаа солилцсон. Мэдээж, Монголын төдийгүй дэлхийд ч анхаарал татах орд газар болоод Оюутолгой болон Тавантолгойнхон ажлынхаа явцаа танилцуулсан. Харин өнөөдөр форум болгоны хамгийн их сонирхолтой, бас заримдаа гонсгор байдаг хэсэг болох “Засгийн газрын цаг” болно. Өмнөх “хүнд” үе буюу Оюутолгойн гэрээ гацсан, Тавантолгой урагшаа гишгиж эхлээгүй, 68 хувийн татвараар алтныхныг айлгасан үеүдэд Засгийн газраас мэдэл бүхий эрхмүүдийг урьсан ч ирэхгүй бултчихдаг тал харагдаж байсан. Энэ жилийн хувьд Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Геологийн бодлогын газар, Уул, уурхай хүнд үйлдвэрийн бодлогын газрынханд урилга илгээгээд байгаа юм билээ. Энэ жилийн хувьд шинээр ашигт малтмалын хайгуулын лиценз олгох, бусдад шилжүүлэхийг хориглочихсон, бас урт нэртэй хууль буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг олборлох тухай хуулийн балгаар гомдолтой байгаа хүмүүс цөөнгүй. Тийм болохоор бас Засгийн газрын мэдээлэл хүргэх цаг халуухан болж ч магадгүй л юм.
“Discover Mongolia”-гийн бас нэг онцлог нь энд зөвхөн хуралдаад л илтгэл тавиад л байх бус энэ салбарынхан тодруулбал уул уурхайн салбартай холбоотой бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид хоорондоо танилцаж, туршлага солилцож, бас бүтээгдэхүүнээ танилцуулж түншээ олдог. Магадгүй энэ нь форумын хамгийн чухал ч хэсэг байх, ажил хэрэгч халуун яриа өрнөж байгаа харагддаг. Харин жилийн жилд оролцогсод нэмэгдэхийн хэрээр зай талбай нь багадаж байгаа нь анзаарагддаг. Харамсалтай, манайдаа үүнээс илүү хурал, уулзалт, үзэсгэлэнг нэг дор хийх тохиромжтой газар үгүй гэнэ. Саалиа бэлтгэхээр саваа бэлтгэ гэгчээр их баялаг дагасан хөрөнгө оруулалтын түүчээ эхэлж байхад наад зах нь форумаа хийх байр үгүй сандарч байдаг. Иймэрхүү арга хэмжээ явуулахаар шинэ барилга барихад илүүдэхгүй гэлцэж байсан. Бас бодох л санаа байж. Магадгүй ирэх жил оролцогчид улам ихсэх ахул жижигхээн Хүүхдийн ордондоо багталцахгүй шинжтэй. Энэ жилийнх ч маш олон оролцогчтой байсан болохоор зохион байгуулагчид нэлээд сандарч байгаа бололтой, 1200 мандат хэвлэн бэлтгэсэн боловч оролцохыг хүсэгчид дэндүү их байсан учир мандатын гэр нь хүрэлцэхээ болиод дан хуудас цаас олгож байгаагаа учирлана. Тэдний харж байгаагаар эхний өдрийн хуралдаанд 1500 орчим хүн оролцож байгаа. Гэхдээ мандат сурагласан хүмүүс ч олон, өнөөдрийн хуралдаанд гаднаас нисч ирэх зочид ч цөөнгүй байгаа гэх. Сонирхуулахад “Discover Mongolia” эхлэхийн өмнөх өдрүүдийн олон улсын нислэгүүдийн ачаалал эрс ихэсч, тасалбар нь олддоггүй гэдэг юм билээ. Харин манайх “Хэдэн жилээс том компанийн захирлууд бол өөрсдөө онгоцтойгоо ирдэг болох байх аа” гэлцэж байна лээ.
Өнгөрсөн жил “Discover Mongolia”-д 1000 гаруй жил оролцсон. Үүнээс хэдэн жилийн өмнө оролцогчдын тоо 500 шүргэхгүй, танхимын зарим хэсэг нь эл хульдуухан байсан, зохион байгуулалт сул байна, үзэсгэлэнгээ гаргах талбай нь хэтэрхий үнэтэй байна гэх мэтчилэн гомдол гарч байсан. Энэ удаа хүн болгон л энэ форум руу соронзон мэт татагдаж байгаа бололтой. Сониучирхах үүднээс сураг тавивал форумын нэг өдрийн арга хэмжээнд оролцоход, 100, хоёр өдрийнх нь 200, хүлээн авалт тойрон аялал болон бусад арга хэмжээнд бүтэн оролцоход 700 ам.доллар юм байна. Харин компаниудын үйл ажиллагаагаа танилцуулж байгаа үзэсгэлэнгийн павьилонгууд ямар үнэтэйг тодруулж чадсангүй, компаниуд “Нэлээд үнэтэй. Гэхдээ ивээн тэтгэгчид гэх мэтчилэн дотроо өөр л дөө” гэж даруухан мишэлзэхээс өөрийг хэлсэнгүй. Ивээн тэтгэлэг ч бас чамгүй үнэтэй бололтой юм билээ. Түүнчлэн компани болгоны павьилон тухайн байгууллагынхаа нүүр царайг илтгэх учраас оролцогчид их хичээдэг юм билээ. Эцэст нь хэлэхэд энэ жилийн хөл ихтэй форумыг “Discover Mongolia”-г зохион байгуулах хорооны тэргүүн Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатын “Бид гадаадын хөрөнгө оруулагчдыг оролцоно уу гэж гуйдаг байсан бол одоо тэд өөрсдөө ирдэг болжээ. Өмнө нь бид хүлээгдэж буй төсөл, төсөөлөл ярьдаг байсан бол одоо жинхэнэ ажил ярьдаг болжээ гэж хэлсэн үг л “Discover Mongolia”-гийн хамгийн товч бөгөөд тодорхой, хэтрүүлсэн чимэггүй томьёолол болох биз ээ. Форум өнөөдөр үргэлжилнэ.
-Анх
2003 онд “Discover Mongolia” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга
уулзалтыг зохион байгуулж байлаа. Тухайн үед Монгол руу гадаадын хөрөнгө
оруулалтыг татах үүднээс, мөн Монгол Улсыг дэлхийд таниулах
зорилготойгоор энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулж байлаа. Түүнээс
хойш жил бүр зохион байгуулсаар өдгөө ес дэх жилтэйгээ золгож байна. Энэ
хугацаанд их зүйл өөрчлөгджээ. Энэхүү чуулга уулзалт үүргээ биелүүлж.
Өнөөдөр Монгол руу хөрөнгө оруулаач гэж монголчууд гуйхаа бол
гадаадынхан бидэнтэй хамтарч ажиллах боломжийг эрэлхийлж байна. Бидэнтэй
хамтарч ажиллахын тулд мөнгөө харамгүй цацахаас буцахгүй байна. Энэ бол
ололтой. Монгол Улсын төсөв анх удаа ашигтай гарсан нь мөн л
“Discover Mongolia”-гийн үр дүн гэж би бодож байгаа. Монголчуудын
амьдрал сайжирсан нь энэхүү чуулга уулзалтын үр дүн. Уул уурхай хөгжиж,
уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт ихэсч тэр хэрээр монголчууд гоё
ганган машин унаж байна. Тэр хэрээр монголчуудын, Монгол Улсын амьдрал
сайжирч байна. Энэ удаагийн чуулга уулзалтын онцлог бол манайд ирээрэй
гэж урихаас илүү Монгол Улсаас ямархуу төсөл хэрэгжүүлж байгаа болон мөн
Монгол Улсын бодлого ямар байгаа танилцуулах, тэрхүү төсөл
хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад оршиж буй юм. Өнөөдөр
олборлохоос илүү боловсруулах, боловсруулах үйлдвэр барих, нэмүү өртөг
шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэгт гадаадынхантай хамтарч ажиллах
чухал байна.
Уул уурхайн үндэсний ассоциацийн захирал Д.Дамба
-“Discover
Mongolia” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцогчдын
тоо жилээс жилд өсч байна. Энэ жил гэхэд 1500 хол давлаа. Энэ бол нэг
том үзүүлэлт. Оролцогчдын тоо ингэж нэмэгдэж байна гэдэг Монгол өнөөдөр
гадаадын хөрөнгөтнүүдийн сонирхлыг цэг болжээ. Монгол Улсын Засгийн
газраас том том төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаатай ч холбоотой байх.
Зөвхөн оролцогчийн тоо гэлтгүй энэхүү чуулга уулзалтын чанар жилээс жилд
сайжирч байна. Шинэ, шинэ техник технологиуд энэхүү чуулга уулзалтаар
танилцуулагдаж, Монголын компаниуд түншлэлээ олох, гадаадаас өндөр
технологи оруулж ирэх үүд хаалгыг нээж байна. Урд өмнө гадаадынхан
Монголд нэг ордтой болчих юмсан, нэг лиценз эзэмшчих юмсан гэсэн
бодолтой байсан бол өнөөдөр ямар төсөл хөтөлбөр хэрэгжиж байна вэ,
бидний оролцоо ямар байх вэ, байгаль экологид ээлтэй ямар технологи
нэвтрүүлэх вэ, эдийн засгийн үр дүн ямар байх вэ гэдгийг ярилцдаг болсон
байна. Гадаадынхан өнөөдөр төслийн үр дүн ямар байх вэ гэдгийг ярьж
байгаа нь чуулга уулзалтын гол зорилго биелэгдэж байна гэсэн үг. Бид
Засгийн газраас нэг ч төгрөгийн татаас авалгүйгээр чуулга уулзалтыг
зохион байгуулдаг. Үүний ачаар Монголд гадаадын том компани,
консерциумууд орж ирж байна. Тэр хэрээр өндөр, чанартай техник,
технологи нэвтэрч байна. Гэхдээ хөрөнгө оруулагчид Монголын Засгийн
газраас нэг зүйлийг хүсч байна. Тэр нь хууль эрх зүйн орчноо тогтвортой
байлгаж, тоглоомын дүрмээ ил болгох. Уул уурхай асар их мөнгөн дээр
хөгжиж учраас хууль эрхзүйн орчин хамгийн тогтвортой байх ёстой юм. Урт
нэртэй хууль байна. Бас Улсын тэмдэгтийн тухай хууль байна. Монгол Улс
өнөөдөр тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглосон байгаа. Энэ бас
хөрөнгө оруулагчдыг айлгаж байна. Тэд тэгээд танайх цаашдаа тусгай
зөвшөөрөл олгох юм уу гэж асууж байна.
"Ардын эрх" сонин