Монгол туургатны наадамд оролцоно

Хуучирсан мэдээ: 2011.09.09-нд нийтлэгдсэн

Монгол туургатны наадамд оролцоно

Монголын мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын эрдмийн театрын 80 жилийн ой энэ онд тохиож буй юм. Он гарснаас хойш тодорхой төлөвлөгөө гарган ой угтсан ажлаа эхэлсэн бөгөөд энэ хугацаанд тайзнаа шинэ уран бүтээл туурвин үзэгч олныхоо оюуны мэлмийд толилуулахаас гадна урын сандаа байгаа 400 гаруй жүжгээс сор бүтээлүүдийг сэргээн тоглож буй юм. Тус театрынхны ойн жилдээ зориулан хийж буй ажлын сонин сайхнаас хуваалцахаар УДЭТ-ын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуутай уулзсан юм.

-Танайхныг удахгүй гадагшаа тоглолтоор явах гэж байгаа гэж дуулсан?

-ОХУ-ын Буриад улсад болох Монгол туургатны театрын наадамд явах гэж байгаа юм.

-Хэр олуулаа явах вэ?

-“Тамгагүй төр”, “Би ч гэсэн жаргамаар байна” гэсэн хоёр жүжигтэй явна.

-Энэ наадамд хэр олон улс оролцдог юм бол?

-Монгол туургатан гэхээр Буриад, Өвөр Монгол, Халимаг, Тува гээд нэлээд газраас уран бүтээлчид ирдэг юм. Зохион бйагуулахын хувьд Орос, Хятад, Монгол гуравт ээлжлээд болдог. Энэ жилийнх өмнөхөөс илүү өргөн болно гэж зохион бйагуулагчид нь хэлж байгаа.

Театрынхан 80 жилийн ойгоо яг хэдийд тэмдэглэх вэ?

-Театрынхаа төрсөн өдрийг бид жил бүрийн арваннэгдүгээр сарын 12-нд тэмдэглэдэг уламжлалтай. Учир нь 80 жилийн өмнөх яг энэ өдөр манай театрыг байгуулах төрийн шийдвэр гарсан юм.

-Ой угтсан ажил гээд танайхан энэ жил нэлээд завгүй ажиллаж, олон ч шинэ бүтээл тайзнаа тавьсан. Оросын алдартай зохиолч Красногоровын долоон жүжгээс гадна Д.Намдагийн “Оролмаа эх”-ийг ч шинээр сэргээн амилуулсан. Харин одоо ямар шинэ бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-80 жилийн түүхт ой гэдэг утгаар оны эхнээс бид ой угтсан ажлаа эхэлсэн. Энэ хугацаанд таны хэлснээр олон сайхан жүжгийг тайзнаа тавьсан. Мөн театрын урын сангаас 30 гаруй жүжгийг төрөл төрлөөр нь үзэгчдэд хүргэх ажлыг зохион байгуулж байна. Энэ сард л гэхэд орчин үеийн шилдэг жүжгүүдийн “Хайрын 80 намар”, ирэх арваннэгдүгээр сарын эхээр “Сонгодог жүжгийн өдрүүд”-ийг зохион байгуулж дэлхйин болон үндэсний сонгодог жүжгүүдээ үзэгчдэд хүргэхээр төлөвлөсөн. Тэр дагуу ажил явж байгаа. Шинэ бүтээлийн хувьд “Тэнгэрийн их хүү” нэртэй Хүннү гүрний их хаан Модун Шаньюйгийн тухай түүхэн жүжгийг тавих гэж байна.

-“Тэнгэрийн хүү” хэний зохиол юм бэ?

-Энэ онд манай театраас санаачлаад өндөр шагналын сантай жүжгийн зохиолын уралдаан зарласныг мэдэж байгаа байх. Уг уралдааны тэргүүн байрт шалгарч зохиолч нь арван сая төгрөг гардсан бүтээл шүү дээ. Зохиолч нь Цогнэмэх гэж сэтгүүлч залуу байгаа. Энэ жүжгээр шинэ улирлынхаа нээлтийг хийнэ.

-Удахгүй Соёл урлагийн ажилтны өдөр болно. Энэ өдрийг хэд дэх жилдээ зохион байгуулж байгаа вэ?

– Хүмүүс баярлаж байхад жүжигчид, уран бүтээлчид амарч чадахгүй ажиллаж байдаг улс шүү дээ. Тиймээс соёл урлагийнханд зориулсан энэ өдрийг тэмдэглээд 20 гаруй жил болж байгаа юм. Жил бүрийн есдүгээр сард тэмдэглэдэг. Энэ жилийнх 10-нд таарч байгаа.

-Энэ өдрийг тэмдэглэхээр төлөвлөснийг сонирхож болох уу?

-Жил жилийн баярыг соёл урлагийн байгууллагууд ээл ээлжээрээ дааж зохион байгуулдаг уламжлалтай. Өнөө жилийн хувьд энэ үүрэг Улсын филармони, “Тотал Мюзик” хоёрт ноогдсон. Тэд энэ өдрийн бүхий л арга хэмжээг төлөвлөж зохион байгуулах юм. Уран бүтээлчид маань жилдээ нэг удаа бүгдээрээ нэг дор цуглардаг болохоор хөтөлбөр нь ч өргөн, хөгжилтэй сайхан болдог. Дуулж хөгжилдөж, спортын уралдаан тэмцээн зохион байгуулан, орой нь галын наадам хийдэг нь уламжлал болсон хөтөлбөр. Гэхдээ яаж илүү сонирхолтой бас хөгжилтэй сайхан болгох нь зохион байгуулагчдаас хамаарна л даа.

-Хаана баярлахаа тогтсон биз дээ?

-Чингисийн хүрээнд болно гэсэн шүү.

                                                                                        Г.Ундрам
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж