Шилдэг зохиолчийг 80 мянган доллар дагалдана

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

Шилдэг зохиолчийг 80 мянган доллар дагалдана

Утга зохиолын салбарын нэр хүндтэй шагналын нэг "Букер" энэ жил хэнд очих нь тун удахгүй тодорхой болох нь. Англи хэл дээр бичигдсэн шилдэг зохиолыг шалгаруулж олгодог "Букер"-ийн энэ оны шагналд нэр дэвшигчдийг Их Британид зарлажээ. Энэ жил зургаан зохиолч нэр дэвшсэн бөгөөд тэднээс ялагчийг тодруулж шагналыг нь ирэх сарын 18-нд Лондонд гардуулахаар товложээ. Шилдэг зохиолчийн шагналыг 80 мянган ам долларын чек дагалддаг аж. Шинжээчдийн үзэж буйгаар "Букер-2011"-ийн эзнээр тодрох магадлал өндөртэй нь Английн зохиолч 65 настай Жулиан Барнс гэнэ. Түүнд энэ азыг "Мөхлийг мэдрэх нь" нэртэй роман нь олгож магадгүй. Барнсын хувьд "Букер"-т дөрөв дэх удаагаа нэр дэвшиж буй юм.

1984 онд "Флобер нэртэй тоть", 1988 онд "Англи, Англи", 2005 онд "Артур, Жорж хоёр" бүтээлээрээ нэр дэвшсэн ч хоосон хоцорсон. Мөн энэ удаа Барнсын хүчтэй өрсөлдөгч нь зохиолч Эй Ди Миллерийн "Яргуй" байх магадлалтай гэнэ. Түүний романы үйл явдал ОХУ-ын нийслэлд өрнөнө. Хавар хайлсан цасны дороос гарч ирсэн цогцос тойрсон адал явдал дүүрэн энэ бүтээлийн эзэн нь Москвад эдийн засгийн нэгэн сэтгүүлд гурван жил ажилласан сутгүүлч юм байна.

Гэхдээ шилдгээр хэн нь ч тодорч болно. Жулиан Барнс, Эй Ди Миллер нараас гадна Английн зохиолч Стивен Келман, Керол Берч, Канадын Эси Эдугян, Патрик де Витт нар мөн дэвшсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж