Энхийг дэмжих ажиллагаанд оролцох хуулийн төслийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох хуулийн төслийг дэмжив

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль болон дагалдах хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Монгол Улс 2002 оноос эхлэн олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд цэргийн албан хаагчдыг илгээсэн байна. Олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд цэргийн бие бүрэлдэхүүнийг илгээх болсноор манай улсын цэрэг дайчид ихээхэн туршлага хуримтлуулж байгаагийн зэрэгцээ зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг чадвахижуулахад ихээхэн ач холбогдол өгч буй аж.
Олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд цэрэг дайчдыг оролцуулсан энэ хугацаанд Монгол Улс 15 тэрбум төгрөг зарлагдаж, НҮБ-аас 12 сая ам.долларыг буцаан авчээ. Харьцуулахад зарлага ихээхэн гарсан мэт харагдаж байгаа ч хоёр шинэ батальон байгуулсан, мөн 50 айлын орон сууц барьсан гээд чамгүй ажлуудыг хийсэн гэнэ.
Мөн хуралдаанаар Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байгаад чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлууллаа. УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдааныг 15.00 цагаас үргэлжлүүлж, дээрх хуулийн төслийг хэлэлцэж, улмаар санал хураалт явуулна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж