”Discover Mongolia”-д 1500 төлөөлөгч иржээ

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

”Discover Mongolia”-д 1500 төлөөлөгч иржээ

Анир гүмхэн байсан Монголын хүүхдийн ордон хөл хөдөлгөөнд дарагджээ. Үнэтэй, тансаг машинууд гадна нь сойгдож, дотор талд уул уурхайнхан “оволзож” байна. Тус ордон ийнхүү хүнээр “хахаж” байгаа нь жилдээ нэг удаа болдог "Discover Mongolia-2011”-ээс болж байгаа хэрэг. 1500 хүн оролцоно гэсэн тооцоотойгоор хэвэлсэн мандат нь хэдийн дууссан нь тус хэрэл ямар өнгөн хүрээтэй болж буйн нэг илрэл болов уу. "Discover Mongolia-2011”хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт өнөөдөр 09.00 цагт Хүүхдийн ордонд эхэллээ. Анх 2003 онд зохиогдож байсан тэр цагаас хойш тус чуулга уулзалтад оролцогчдын тоо жил бүр өсөн нэмэгдэж болсон байна Чуулга уулзалтын нээлтийг "Discover   Mongolia"-2011” чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат хийсэн бөгөөд ес дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээ зүүн азийн уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулагчдын хамгийн том арга хэмжээ болсон гэдгийг онцолсон юм. Энэ жилийн чуулга уулзалт "Харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх" гэсэн уриан дор зохион байгуулагдаж байгаа юм. 2003 оноос хойш  Улаанбаатар хотноо жил бүр зохион байгуулагдаж буй энэхүү чуулга уулзалтын ачаар өнөөдөр Монгол Улсын төсөв ашигтай гарч, иргэдийн амьдрал ч тэр хэрээр сайжирч буйг зохион байгуулагчид ярьсан.  Есөн жилийн өмнөхтэй харьцуулахад Монголын Уул уурхайн салбарт өнөөдөр бүтээн байгуулалт ид өрнөж байна. “Манайд  ирээч” хэмээн хаалгаа нээн бусдыг царайчилдаг цаг аль хэдийн өнгөрч, танайхтай хамтарч ажиллая хэмээн гадаадынхан гуйдаг болсон нь энэхүү чуулга уулзалтын хамгийн гол үр дүн гэнэ. Зохион байгуулагчид, уул уурхайн салбарынхан, эдийн засагчид, шинжээчид дээрх дүгнэлтэд санал нэг байна.  Өнөөдрийн  хуралдааны хамгийн гол сэдэв  Эрдэнэс МГЛ"-ийн захирал Б.Энэбишийн Тавантолгойн төслийн талаарх танилцуулга. Монголчуудын төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа энэхүү төсөл хэрхэн хэрэгжиж байгааг, Монгол Улсын бодлого чиг хандлага ямар байгааг хөрөнгө оруулагчид багагүй сонирхож байлаа. Чуулга уулзалтын хамгийн гол цаг нь маргааш болох Засгийн газрын цаг. Энэхүү чуулга уулзалт маргааш 15,00 цагаас эхлэх юм. Засгийн газрын цагт Эрдэс баялаг, эрчим хүч, Улсын мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуучлалын яамны дарга нар оролцох юм байна.

 Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж