Хятадын ЗГ алтны үнийг зохиомлоор хөөрөгджээ

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

Хятадын ЗГ алтны үнийг зохиомлоор хөөрөгджээ

Нью-Йоркийн Худалдааны бирж дээр нэг унци алтны үнэ 1921 ам.доллар боллоо. Энэ бол урьд өмнө нь дуулдаж байгаагүй өндөр ханш. Гэхдээ нэг л жигтэй. Учир нь өнгөрсөн сарын 28-нд нэг унци алтны үнэ 1900 ам.доллар болсон. Гэтэл дөнгөж маргааш нь 1700 ам.доллар болтлоо буурсан. Харин өнгөрсөн даваа гарагт 1920 ам.доллар болсон боловч нэг цаг хүрэхгүй хугацаа өнгөрсний дараа 1870 ам.доллар болон ханш нь унажээ. Ийнхүү савлагаа ихтэй байгаа боловч алтны ханш ерөнхийдөө өсөх хандлагатай байгаа. Тиймээс өнөөдөр “Нэг унци алтны үнэ 1850 ам.доллар боллоо” гэхэд “Пөөх. Ямар хямдхан болчихсон юм бэ” гэж дуу алдах хүн олон болжээ. Гэтэл өнгөрсөн нэгдүгээр сараас хойш алтны ханш 34 хувиар өссөн байна. Ердөө есхөн сарын өмнө нэг унци алт ойролцоогоор 1350 орчим ам.доллар байв.

Алтны үнэ өсч байгаа шалтгааныг хэд хэдэн хүчин зүйлтэй холбон тайлбарлаж болно. Инфляци, АНУ-ын эдийн засгийн доройтол, цаасан валютын тогтворгүй байдал, удахгүй болох эдийн засгийн томоохон хямралын дохио гэх мэт. Гэхдээ алтны үнийг бодлоготойгоор хөөрөгдөж байгааг дэлгэсэн баримт саяхан олон нийтэд ил болсон юм. Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яамныхан 2009 онд Вашингтон руу юу гэж мэдээлж байсан талаар “Wikileaks” саяхан дэлгэчихсэн. АНУ, Европын орнууд ам.долларын ноёрхлыг хадгалахыг хичээж байгаа ч тэдэнд алт “саад болсоор” байж. Үүнийг Хятадын эрх баригчид мэддэг бололтой гэх таамгийг АНУ-ын дипломатч мэдээлжээ. Гэхдээ барууныхан өөрсдийн хүсэл, зоригоос үл хамаарч, алт худалдан авсаар байна. Төв банкууд алтны нөөцөө нэмэхээр яаравчилж эхлээд уджээ. Харин энэ нь Хятадын юаньд ашигтай. Ам.долларын ханш суларч, тогтворгүй болохын хэрээр алтны ханш өсдөг. Тэгвэл эсрэгээрээ алтны үнийг хөөрөгдөөд байвал ам.долларын ханш тогтворгүй болно. Ам.доллар “олон улсын” гэх статусаа алдчихвал Хятадын эрх баригчид юанийг түүний оронд гаргаж ирэхэд илүү хялбархан юм. Тэгэхээр “Wikileaks”-ийн мэдээлэлд үндэслэн Хятадын алтны эрэлт хурдацтай өсч байгааг тайлбарлаж болох нь. Хятадын гадаад валютын нөөц гурван их наяд ам.доллар ба түүний 1.6 хувь нь алт юм. Харин эрх баригчид нь энэ хувийг тав болгон нэмэх сонирхолтой байгаа. Хятадын алтны эрэлт 2000 оноос хойш 18 хувиар өсч, нөөц нь 1054 тонн болсон байна. Эрэлт өссөнийг зөвхөн төв банкны бодлого гэхээс гадна үнийн хөөрөгдөлтэй холбон тайлбарлаж болох юм. Учир нь Хятадад инфляци нэмэгдэж байгаагаас болж, хөрөнгө оруулагчид эдийн засагт “хөөс” үүсэх вий хэмээн болгоомжилж эхэлсэн. Энэ нь үл хөдлөх хөрөнгөний худалдааг өргөжүүлэхийн зэрэгцээ алт худалдан авах сонирхлыг нь нэмэгдүүлсэн юм. Үнийн хөөрөгдөл даамжирч эхлэх үед гэнэтийн уналт үүсэхээс сэргийлэхийн тулд хүмүүс алт худалдан авдаг. Ямартай ч алтны их урсгал Хятад руу чиглэж байна. Үүнийг “ам.долларын эсрэг бодлого”-оор тодорхой хэмжээнд зохицуулж байгаа бололтой. “Finance Examiner”-ийн шинжээч Кеннет Скортжин “Хятад улс АНУ-тай хийж буй эдийн засгийн дайндаа алтыг зэвсэг болгон ашиглаж байна” хэмээн дүгнэжээ. Гэхдээ энэ нь мөн л эрсдэлтэй. Учир нь Хятад бол АНУ-ын Засгийн газрын бондын хамгийн том хувь эзэмшигч. Хэрэв ам.доллар хүчгүйдэж эхэлбэл ам.доллараар нэрлэсэн бонд худалдан авсан орнууд ч хүнд байдалд орох юм.

АНУ-ын төв банк болох Холбооны нөөцийн сан ч гэсэн мөн өөрийн гэсэн алтны “бодлого”-оо хэрэгжүүлж байгаа. Саяхан Холбооны нөөцийн сан нөөцөөсөө тодорхой хэмжээний алт гарган худалдсан. Энэ нь алтны арилжааг идэвхжүүлж, үнийг нь унагаах зорилгоос үүдэлтэй юм. Хэрэв хөрөнгө оруулагчид алтны худалдаанд санаа зовохоо боливол энэ нь ам.долларт ашигтай. Түүнчлэн Олон улсын валютын сангаас гаргасан мэдээлэлд дурьдсанаар бол Мексик, Орос, Өмнөд Солонгосын төв банкууд энэ онд алтны нөөцөө 200 тонноор нэмэхийг зорьж байгаа аж.

Алтны ханш удахгүй 2000 ам.долларт хүрнэ гэх таамгийг шинжээчид гаргасан. Үүнийг дагаад алт олборлодог уул уурхайн компаниудын хувьцааны ханш ч өссөөр байна. Өөрөөр хэлбэл, алт олборлогчдын цаг үе иржээ. Гэвч алтны асар их нөөцтөй “Mine golia”-гийн ард түмэн эндээс хувь хүртэх заяагүй бололтой. “Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар”-ын залгамж халаа болон гарч ирсэн “Урт нэртэй хууль” гэх мэт уул, уурхайн компаниудын санг цөлмөчих шахсан хуулиудын ачаар манай улсад алтны олборлолтыг хуулийн дагуу явуулах хүмүүсийн тоо цөөрсөн билээ. Энэ нь олон улсын зах зээл дээр үнэ нь өдөр ирэх бүр нэмэгдэж буй алтны борлуулалтаас татвар авах, ашиг хураах боломжийг хязгаарласаар байна. Төр засаг нь хуулиа хатуу мөрдүүлж чадахгүй. Тэгсэн хэрнээ ард иргэд нь сайн дураараа даган мөрдөж болохуйц хууль боловсруулахгүй. Ингэж арга ядаж байх хооронд гадаад орнуудад олон ч юм өөрчлөгдөж байна даа.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж