УИХ-ын дэд дарга Н.Энхболд өнгөрсөн өдрүүдэд Төв аймагт ажиллаж, багийн Засаг дарга нарын уулзалтад оролцлоо. Уулзалтын үеэр орон нутагт тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцсон юм. Мөн орон нутгаа хөгжүүлэх асуудал багаас эхлэх болохыг уулзалтад оролцогсод санал нэгтэй тэмдэглэж байлаа. Энэ үеэр мөн УИХ-ын дэд дарга Н.Энхболд багийн эмч нарт мотоцикль олгосон бол УИХ-ын гишүүн Д.Дондог ургац хураалтанд зориулан трактор гардуулан өглөө. Тэд хэлэхдээ “Аймгийн болон багийн хөгжлийг дэмжихийн тулд шаардлагатай техник хэрэгсэл гардуулан өгч байгаа нь гишүүдийн багцын хөрөнгөөс гадна Засгийн газраас 2008 онд баталсан ‘’Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр’’-ийн хүрээнд хийж байгаа ажил” гэлээ. Мөн хөдөөгийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулахын тулд тэдний хүсэл сонирхолд нийцүүлэн, хэрэгцээтэй тоног төхөөрөмжөөр хангах шаардлага байгааг хэлээд гишүүдийн гэгдэх нэг тэрбум төгрөгийн багц нь УИХ-ын гишүүдийн халаасанд байдаг зүйл биш, харин иргэдийн хүсэлтэнд тулгуурлан, аймгаар дамжуулан захиран зарцуулдаг хөрөнгө” хэмээн тодотгосон юм.
Уулзалтын үеэр цаг үеэ дагаад хөндөгдсөн нэг асуудал нь ургац хураалт байлаа. Аймгийн хэмжээнд ургац хураалтын ажил өнөөдрийн байдлаар 60 гаруй хувьтай байгаа тухай аймгийн удирдлагууд эрхэм гишүүдэд танилцуулж, өвлийн бэлтгэлээ сайн хангах үүрэг авлаа.
Г.Дарь