Инээдмийн жүжигчин Эдди Мерфи кино академийн дээд шагнал гардуулах “Оскар”-ын 84 дэх наадмыг хөтлөх болжээ. “Оскар”-ын наадмын продюсерууд түүнийг “Жинхэнэ инээдмийн жүжигчин, хамгийн агуу, нөлөө бүхий жүжигчдийн нэг” гэж нэрлэсэн байна. Өнгөрсөн жилийн “Оскар”-ын наадмын хөтлөгчөөр жүжигчин Энн Хэтуэй, Жеймс Франко нарыг томилсон зохион байгуулагчид олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэлтэй тулгарсан юм. Үзэгчид зүгээр нэг хөөрхөн хүүхэн, сайхан залуугаас илүү үзэгчдийг хөгжөөж, наадмын уур амьсгалыг эелдэг наргиан, эерэг уур амьсгалаар хөглөх хөтлөгчийг үгүйлж байсан билээ. Харин энэ шаардлагад тун их нийцэж буй нь жүжигчин Эдди Мерфи гэнэ. Тэрбээр 2006 онд “Мөрөөдлийн охид” киноны дүрээр “Оскар”-ын шилдэг туслах дүрийн шагналыг хүртэж байсан юм. “Шоу бизнесийн домог болсон алдарт Стив Мартин, Вуупи Голдберг, Билли Кристал нарын нэгэн адил энэ наадмын хөтлөгчөөр уригдаж байгаа нь нэр төрийн хэрэг” гэж тэрбээр ярьжээ. Эдди Мерфи 15 настайгаасаа эхлэн инээдмийн кинонд тоглож эхэлсэн юм. 1980 оны үед тоглосон ”Бямба гаригийн амьд тоглолт” кино түүнийг олны танил болгосон ажээ. Тэрбээр 1982 онд "48 Hrs.", “Беверли Хиллзын цагдаа” кинонд тоглож алдрын оргилд хүрсэн бол сүүлд "Шрек" хүүхэлдэйн кинонд дуу оруулсан долоон сая ам.долларын ашиг олж, шилдэг киноны жагсаалтыг тэргүүлж байсан юм. Кино академийн 84 дэх “Оскар”-ын наадам 2012 оны хоёрдугаар сарын 26-нд уламжлал ёсоор Кодак театрт нээлтээ хийж, дэлхийн 200 орны телевизээр нээлтийн ёслолын ажиллагааг үзүүлэх юм байна.