УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооныхон маргааш нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд холбогдох газрууд ямар арга хэмжээ авч ажиллаж буй талаар мэдээлэл сонсохоор болжээ. Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль санаачлан улмаар энэхүү хуультай холбоотойгоор УИХ-ын 2011 оны 11 дүгээр тогтоол батлагдсан юм. Энэ хүрээнд 2011 онд агаарын бохирдлыг 30 хувь бууруулах зорилт тавьсан. Эхний ээлжинд нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн тодорхой хороодыг хязгаарлалтын бүсэд хамааруулж, 100 мянга гаруй гэр хорооллыг утаа ялгаруулдаггүй зуухаар хангахаар болсон билээ. Мөн гэр хорооллынхны шөнийн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлөхөөр болсон ч үүнд асар их хөрөнгө шаардаж буй. Тиймээс иргэдэд цахилгааны хөнгөлөлт эдлүүлэхэд бэрхшээлтэй байгаа. Түүнчлэн авто машиныг эко түлшинд шилжүүлэх гээд шат дараатай арга хэмжээ авахаар заасан юм. Харин энэ бүх ажил одоо ямар шатанд явааг сонсоно.
Г.Дарь