Банк “Хүний хөгжил сан”-ийн 21 мянган төгрөгөөс минь хумслаад болдоггүй ээ. Эхэндээ 50 төгрөг суутгадаг байв. Дараа нь түүнийгээ 350 болгоод нэмчихсэн. Гэхдээ энэ юу ч биш. Энэ сард мөнгөө авах гээд “Капитал” банкин дээр очлоо. Уриалгахан зантай теллер бүсгүй авах ёстой мөнгөнөөс минь даруй 1300 төгрөг суутгачихав. Тэгээд инээмсэглэж ирээд л үлдсэн мөнгийг минь өгч байна. Учрыг лавлавал “Манай банк өмнө нь 50 төгрөгийн шимтгэл авдаг байсан. Одоо 350 төгрөг болсон. Тиймээс энэ оны эхний саруудын гүйлгээний хураамжаа энэ сард суутган авч байна” гэж байна. Би баахан бодлоо. “Тухайн үедээ 50 төгрөгийн шимтгэл авна гэж гэрээнд гарын үсэг зурчихаад хэзээ хойно “Бага мөнгө авч байсан юм байна. Нөхөж авъя” гэдэг нь хаанахын ёс вэ” гэж. Гэхдээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас ингэхийг нь зөвшөөрчихөөд байхад банкны үүдэнд Сүхбаатар дүүргийн дугаар хорооны иргэн Дулмаа гуай бид хоёр үглээд яах ч юм билээ. Банкныхан “Ажилчид маань ачаалалтай ажиллаж байна. Мөнгө суутгая” гээд нөгөөдүүл нь “Мөнгөө нөхөж ав ав” гэсэн юм билээ л дээ. Дулмаа гуай бид хоёроор тогтохгүй олон хүнээс 1000 орчим төгрөг суутгасан гээд бодохоор банк ч баяжсаан. Гэхдээ ингэж бодохтой зэрэгцээд “Аливаа зүйлийг сайн талаас нь харахыг хичээх хэрэгтэй” гэсэн зөвлөгөө, өөр нэг мэргэн санааны хамт толгойд харван орж ирсэн юм даа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмээд удаагүй байна. Тэгвэл өмнө нь 108 мянган төгрөгийн цалин авдаг байсан хүн одоо авч байгаа 144 мянга 400 төгрөгийнхөө зөрүүг авч яагаад болохгүй гэж. Банкны ажилчдаас дутахгүй л ачаалалтай ажилласан нь үнэн юм чинь. Тийм биз дээ. Энэ жишээг хэлээд очвол нэг юм дуулна даа. Би ч гэсэн хэзээ нэгэн цагт дарга маань цалин нэмбэл “Та надад өмнө нь төдөн төгрөгийн цалин өгдөг байсан. Би одоо авч байгаа цалин, өмнө нь авч байсан цалин хоёрынхоо зөрүүг авмаар байна. Би тэр үед ядарсан” гэж хэлээд үзнэ ээ, яадаг юм. Болохгүй бол Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас туслалцаа хүсчих юм чинь. Гэхдээ гэрийн ойролцоо байдаг дэлгүүрийн худалдагч “Талхны үнэ нэмэгдсэн. Чи манайхаас байнга талх авдаг байх аа. Одоо хариулт мөнгөнөөс чинь суутгалаа шүү” гэвэл би ч баларсаан.
Т.Урангэрэл
"Улс төрийн тойм" сонин