Мэдээлэл олж авахад хэцүү Оюуны өмчийн газрын даргаар Намжилын Чинбат гэж хүн ажилладаг юм байна. Өөрийнхөө мэдээллийг, зураг хөрөгтэйгээ олонд дэлгээд байдаггүй энэ хүний талаарх мэдээллийг олох гэж нэлээд үзлээ, болдоггүй дээ. Ер нь явж явж хүний зураг, намтар, ажилласан байдал зэрэг нь тухайн хүний өмч байх л даа. Тиймдээ Н.Чинбат дарга өмчөө маш сайн хайрлан хамгаалдаг юм байна. Гэхдээ бусдын оюуны өмчийг харин хэрхэн хамгаалдаг юм бол. 2001 оноос хойш энэ байгууллагыг толгойлохдоо юу хийснийг нэг л олж харахгүй байх чинь. Ганц харагдсан нь “Монгол” телевизээр хэдэн хүнийг “Оюуны өмч бол…” гэж хэлүүлсэн явдал юм. Н.Чинбат дарга энэ жил Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлгээ хамгийн сүүлд өгсөн гэсэн мэдээлэл бас байна. Харин ойрмогхоноос “LV брэндийн дуураймал барааг Оюуны өмчийн газраас хурааж эхэллээ” гэх мэдээлэл явах боллоо. Ямар ч ажил хийдэггүй Н.Чинбат даргыг LV брэнд л ажилтай болгож байх шив. Тэрбээр хуурамч LV-тэй үнэн голоосоо тэмцэж байгаа бололтой. Цаашдаа энэ эрчээ алдахгүй олон хүний оюуны өмчийг хайрлаж хамгаалаасай билээ. Телевизээр гарч байгаа зохиогчийн эрхгүй кинонууд манай улсыг тун удахгүй олон улсын шүүхэд дуудагдахад хүрэх вий. Монголын олон уран бүтээлчдийн гаргасан бүтээлүүд энд тэнд бусдад зүгээр л ашиглагдаж байх вий. Уг нь ийм л ажил хийж баймаар юм. Гэтэл ердөө ч ажил нь явж өгдөггүй хаалттай нэг байгууллагыг хаалттай нэгэн дарга удирдсаар арван жил болжээ.
Б.Энхмөнх
"Улс төрийн тойм" сонин