”Иргэд татварын эрсдэлийг тооцох хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

”Иргэд татварын эрсдэлийг тооцох хэрэгтэй”

С.Баясгалан: Иргэд бизнесийн эрсдэлээс гадна татварын эрсдэлээ тооцох хэрэгтэй

Үндэсний татварын алба далд эдийн засгийг хумих, татвараас зайлсхийхтэй тэмцэх, нуугдмал орлогыг ил болгох зорилгоор шинэ санаачлага дэвшүүлэн ажил хэрэг болгож эхэлжээ. Энэ хүрээнд Татварын ерөнхий газрын бүтцэд шинээр Эрсдэлийн  удирдлагын хэлтэс байгуулагдсан байна. Энэ оны гуравдугаар сараас үйл ажиллагаа нь эхэлсэн тус хэлтэс эдийн засгийн зарим салбаруудад эрсдэлийн үнэлгээ хийсэн байна. Энэ талаар ТЕГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга С.Баясгалангаас дараах тодруулгыг авсан юм.


-Эрсдэлийн менежмэнтийг тат­варын албанд нэвтрүүлснээр ямар үр дүнд хүрэхээр төлөвлөж байгаа талаар эхлээд тодруулахгүй юу?

-Эрсдэлийн удирдлагыг бид гадаад дотоод гэсэн хоёр хэлбэрээр авч үзэж байгаа. Дотоод эрсдэлийн тухайд татварын алба өөрийнхөө үйл ажиллагаанд ямар сул тал, алдаа оноо байгаа талаар тусгай зорилго чиглэлтэйгээр эрсдэлийн үнэлгээ явуулж байна. Ингэснээр  татварын албаны үйл ажиллагаа сайжирч, үйлчилгээний цар хүрээ нэмэгдэнэ гэсэн хүлээлт бий. Харин татварын гадаад эрсдэлийн хувьд шууд утгаараа бол татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах, бас үүсч буй эрсдэлийг тооцож ажиллах явдал юм.

-Татварын алба эрсдэлийн менежментийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлснээр зарим сал­баруудад  эрсдэлийн үнэлгээ хийсэн бөгөөд нэлээд зөрчил илэрсэн тухай мэдээлэл сонслоо. Энэ тухай тодруулахгүй юу?

-Эрсдэлийн үнэлгээг ноос,  ноо­луурын бизнес эрхлэгчид, барилгын салбар, Тавантолгой, Шивээ­хүрэн, Гашуунсухайт боом­тоор нүүрс тээвэрлэлт эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн орлогод хийгээд байна. Энэ дүгнэлтээр тайлангаа ирүүлээгүй мөн орлогоо зөрүүтэй мэдээлсэн, татвараа нуун дарагдуулсан зэргийн улмаас нийт 460.6 тэрбум төгрөгийн татварын эрсдэл илэрсэн. Цаашид ямар  төрлийн бизнесийн салбарт ямар эрсдэл илүү гарч байна гэдгийг  дүгнэж, нэгдсэн үнэлгээ гаргаж ажиллана. Эхний эрсдэлийн үнэлгээгээр гэхэд барилгын салбар болон ноос ноолуурын салбарт татварын эрсдэл нэлээд өндөр гарч байгаа. Цаашид бизнесийн салбаруудаас гадна өндөр орлоготой иргэдийн  зардлын судалгааг үндэс­лэн эрсдэлийг тооцохоор ажиллаж байна. Түүнчлэн эрсдэлийн үнэлгээг бүрэн хэмжээгээр програмчлах арга хийгдэж байгаа. Аж, ахуйн нэгжүүдийн хувьд татварын эрсдэ­лийн талаар заавар зөвлөмжийг байнга явуулж байвал зүгээр. Иргэ­дийн хувьд бизнесийн эрсдэлээс гадна татварын эрсдэлийг илүү сайн  тооцож үзэж байх хэрэгтэй байна.

-Ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэхийн хэрээр татварын эрсдэл  өндөрсдөг юм уу?

-Яг ч нэмэгдэхийн хэрээр гэж ойлгож болохгүй. Татвар төлөгч өөрөө хуулиа сайн биелүүлдэг, ойл­гож  мэддэг байгаад татвараас зайлс­хийхгүй байвал эрсдэл үүсэх­гүй байх бүрэн боломжтой.

-Орлогоо нуун дарагдуулах, татва­раас зайлсхийх нь ямар хор уршигтай вэ?

-Аливаа бизнесийн хувьд татва­раас зайлсхийх нь тэр чигээрээ хор уршиг мөн. Одоогийн байдлаар ма­най татварын орчин зарим талаараа татвараас зайлхийхэд тааламжтай орчин болоод байгаа тал бий. Тухайн компани татвараа цаг хугацаанд нь төлөөгүй бол хоёр жилийн дараа гэхэд мөн тэр хэмжээний мөнгийг төлөх ёстой татвар дээрээ дахин нэмж төлөхөөр хуулийн зохицуулалттай байгаа.
 
-Цаашид татварын алба тат­ва­­рын эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрхэн ажиллах ойрын төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Цаашид татвар төлөгчдийн татварын эрсдэлийг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар “хувийн дунд сургууль, автомашины худалдаа, ашигт малтмал уул уурхай, үнэт цаас брокер дилерийн үйл ажиллагаа” зэрэг татвар төлөгчөөр болон татварын төрлүүдээр зорилт тавин ажиллах болно. Одоогоор  ноос  ноолуурын экспорт, барилгын салбар, зочид буудал, зоогийн газар, нүүрс тээвэрлэлт, эмийн сан, хувийн эмнэлэг, гоо сайхан зэрэг байгууллагуудаас татварын эрсдэ­лийг тооцон, эрсдэл бүхий аж ахуйн нэгжүүдийн судалгааг гаргаж хяналт шалгалтад хамруулах болно.

Б.Жаргал

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж