VII хорооллын шугам, сүлжээг тавьж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

VII хорооллын шугам, сүлжээг тавьж эхэлнэ

Цаг агаар сэрүүсч, өглөө, оройдоо хацар жиндэх болжээ. Өчигдөр өдөр  хэсэгхэн хугацаанд цас хаялсан. Ийм үед “Тун удахгүй Улаанбаатарын тэнгэрт утаа уугиж эхлэх нь дээ” гэсэн бодол хүн бүрт төрж байгаа нь лавтай. Барилга, газар шорооны ажил хийх улирал ч дуусах тийшээ ханджээ. Харин миний хувьд  “Нийслэлийн утааг бууруулах, утааны эх үүсвэр болсон гэр хорооллыг барилгажуулах чиг­лэлд хэрэгжүүлж байгаа томоо­хон төсөл болох орон сууцны долоо­дугаар хороолол барих ажил одоо хэрхэн үргэлжилж байгаа бол. Барилгын улирал дуусах гэж бай­гаа энэ үед орон сууц барих газрыг чөлөөлж, шугам, суваг тавих аж­лыг эхлүүлсэн болов уу” гэсэн асуул­тад хариулт авахыг хүссэн юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газ­раас “Энэ онд эхний ээлжинд хүнс­ний дөрөвдүгээр дэлгүүрээс 32-ын тойргийг холбосон зам дагуух 50 га газрыг чөлөөлж шугам, сүлжээ барих ажлыг эхлүүлнэ” гэж мэдэгдэж байсан юм. Ингээд өчигдөр уг ажлыг хариуцаж байгаа нийслэлийн ЗДТГ-ын дэргэдэх “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийн багийнхны байрлаж байгаа газрыг зорьсон юм. 

Сүхбаатар дүүргийн XI дүгээр хорооны нутаг дэвсгэрт өчигдөр 12 цагийн орчимд очлоо. Хэдхэн сарын өмнө хаалгыг нь тогшоод уулзаж байсан, шинэ замтай ойролцоо байдаг айл хэдийнэ газраа чөлөөлөөд нүүгээд явчихаж. Ойр хавийнх нь хэд, хэдэн айл ч газраа чөлөөлсөн нь харагдаж байв. Улмаар хашаанд байсан байшингуудыг  нурааж, хашаа барьж хамгаалжээ. Тус хорооны нутаг дэвсгэрт ийнхүү цагаан төмөр тороор хашаа хатгасан газар үүнээс өөр хэд, хэд байсан юм. Гэхдээ яваад үзэхээр шугам, сүлжээ барьж байгаа газар нэг ч байсангүй.  Тухайн үед газраа 50 орчим сая төгрөгөөр үнэлнэ гэж байсан иргэд санасандаа хүрдэггүй юмаа гэхэд нэг их сэтгэл дундуур биш болоод л нүүсэн бололтой. Өмнө нь иргэдтэй уулзахад олонхи нь “Газраа 50-100 сая төгрөгөөр үнэлнэ. Тийм ч амар өгөхгүй” гэж байсан удаатай. Ямартай ч одоо иргэдийн хашааны газрыг нэг метр.квадратыг нь 100 мянган төгрөгөөр үнэлж байгаа аж. Тэгэхээр 450 метр.квадрат хашаатай айл 45 сая төгрөг авчихна гэсэн үг. Түүнчлэн газраас нь гадна хашаанд байсан үл хөдлөх хөрөнгийг ч үнэлээд мөнгийг нь бэлнээр өгөх ажлыг зохион байгуулж байгаа гэнэ. Одоог хүртэл газраа чөлөөлөөгүй байгаа иргэдтэй ч өчигдөр уулзсан. Олонхи нь “Газраа чөлөөлнө. Гэхдээ энэ жилдээ арай амжихгүй” гэж байх юм. Өдрөөс өдөрт хүйтэрч байгаа цаг агаар барилгын ажлыг яаравчлахыг шаардаад зогсохгүй газраа чөлөөллөө гэхэд хаана амьдрахаа шийдээгүй байгаа иргэдийг хөдлөх аргагүй болгосон нь энэ ажээ.


“Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийн зохицуулагч менежер Д.Даваадуламаас дараах асуултад хариулт авлаа.

    
-Нэг хэсэг иргэд “Газрыг минь зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлж байна” гээд газраа өгөхгүй гэдийх хандлагатай байсан. Тэгвэл одоо хандлага нь ямар байгаа бол?

-Нэг үеэ бодвол харьцангуй нааштай байгаа. Иргэд газар үнэлэх журамтайгаа танилцаад газрын үнэлгээгээ мэддэг болсон. “Улсын ажилд саад болоод яах вэ” гэсэн хүмүүс ч олон байна. Хамгийн гол нь энэ ажил маань олон жилийн хүлээлт үүсгэчихсэн байсан учраас хүмүүс сайн дэмжиж байгаа. Тиймээс ямар нэг хүндрэл байхгүй гэж ойлгож болно.

-Энэ онд хэдэн айлын газар чөлөөлөхөөс хэд нь яг одоо нүүчихсэн байна вэ?

-Нийт 273 айлын газрыг чөлөөлөх ёстой байгаа. Эдгээрээс эхний ээлжинд шугаманд орсон 137 айл байгаа юм. Харин одоо шугаманд орсон айлуудаас гэрээгээ  хийгээд газраа чөлөөлж, байрандаа орчихсон 60 айл байна. Тэрнээс гадна “Бэлэн мөнгөө авна” гэсэн, ямар нэг гачиг­далтай, газрынх нь хэмжээ орон сууц авахад арай хүрэхгүй хэд, хэдэн айлд бэлэн мөнгө өгөх шийдвэр гарсан байгаа. Ерөнхийдөө 90 айл эхний ээлжинд газраа чөлөөлчихөөд байна. Үүнээс 60 нь чөлөөлчихсөн, 30 нь чөлөө­лөхөд бэлэн болчихсон гэсэн үг. Айлынхаа газрыг чөлөөлөөд, үл хөд­лөх хөрөнгийнх нь мөнгийг өгөөд, айлууд өөрсдөө буулгаад аваад явах гэсэн зарчмаар л ажиллаж байна.

-Байрандаа орсон иргэдийн хувьд байраа яаж сонгож байгаа бол?

-Барилгын компаниудаас манайд саналаа ирүүлж байгаа. Бид иргэдэд  тэд­гээр компаниудын байрыг үзээд, үнэ ханшийг нь судлаад өөрт таа­лагдсан байраа сонгож болно гэж зөвлөж байгаа. Газар чөлөөлөх ажил энэ оныг дуустал үргэлжилнэ.

-Та “Зарим айлуудын газрын үнэлгээ байр авахад хүрэлцэхгүй байгаа” гэж хэлсэн. Ер нь айлууд дунджаар хэдий хэмжээний газар­тай байна вэ?

-Ихэнх айл дунжаар 450 метр.квадрат газартай байгаа. Гэхдээ 700 метр.квадрат газартай айл хэд, хэд, тэр ч бүү хэл 200 метр квадрат хэм­жээтэй газартай айл ч байна.

-Шугам, сүлжээний ажил эхлээгүй байгаа бололтой. Энэ онд төлөвлөсөн ёсоор уг ажлыг эх­лүүлэх үү?

-Одоо чөлөөлсөн газрыг хам­гаалалтанд аваад хашаа барьж бай­гаа. Ер нь бол энэ сарын 15-наас халуун, хүйтэн, цэвэр, бохир усны шугам тавиад эхэлчих болов уу.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж