Капитализмын үндсэн зарчмыг эдийн засагчид янз бүрээр томъёолдог. Гэхдээ тэд ерөнхий нэг ойлголтыг гаргасан. Үүнийг энгийн үгээр тайлбарлая. Савангийн үйлдвэрийн эзэн савангаа хүмүүст зарахыг хүснэ. Зөвхөн мөнгөтэй хүмүүс саван худалдаж авах боломжтой. Өөрөөр хэлбэл, худалдан авах чадвартай хүн хэр олон байна, тэр хэрээрээ савангийн үнэ цэнэ өснө гэсэн үг. Харин худалдан авагчид нь өөрсдөө саван үйлдвэрлэх ажилд гар бие оролцдог. Тэд бол ажиллах хүчин. Харамсалтай нь үйлдвэрийн эзэн тэдэнд байнга саван худалдаж аваад байх хэмжээний цалин өгч чадахгүй. Зөвхөн цөөн тооны саван авахад хүрэхээр цалин өгдөг. Харин тэгэхийн тулд илүү олон ширхэг саван үйлдвэрлэх шаардлагатай болно. Үүнээс болж бүтээгдэхүүний өсөлт эрэлтээсээ давдаг аж. Тэгэхээр хэн ч худалдан авахгүй бүтээгдэхүүнүүд бий болно гэсэн үг. Тухайн улс орон үүнийгээ гадны зах зээл рүү шахдаг.
Жишээлбэл, америкчууд өөрсдөө хэрэглээд илүү гарсан бараагаа гадны орнуудын хэрэглэгчид худалдана гэсэн үг. Үүнийг эдийн засагчид “Илүүдэл капитал” хэмээн томъёолжээ. Эдийн засагч М.Хазины тодорхойлсноор бол “АНУ илүүдэл капиталаасаа салахыг хүссэн. Үүнээс болж санхүүгийн хямрал үүссэн” гэж.
Зарим эдийн засагч “Хүчирхэг гүрнүүд илүүдэл капиталаа гаргах шинэ зах зээлийг олж авахаар хүчтэй тэмцэлдсэний дүнд дэлхийн нэг, хоёрдугаар дайн дэгдсэн” хэмээн тайлбарладаг. Харин түүний дараа социализм болон капитализм гэх хоёр туйл бий болсон. Энэ үед АНУ тэргүүтнүүд Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг байгууллагыг байгуулж, соц системтэй орнуудаас өрсөж шинэ зах зээл хайх ажлыг албан ёсны болгосон аж. Гэвч 1970-аад онд барууны орнууд хямарчээ. Дахиад л капиталын илүүдэл гараад ирэв. Энэ үед Холбооны нөөцийн сан нэгэн мэргэн арга олсон нь ам.доллар шинээр хэвлэх. Хэрэв иргэд мөнгөтэй л бол саван худалдаж аваад байна. Харин Холбооны нөөцийн сан тэр мөнгийг нь хэвлээд гаргаад өгчихвөл болох нь тэр. Харамсалтай нь энэ нь хэрэглэгчдийн эрэлтэд шууд нөлөөлж, зохиомол эрэлтийг бий болгож эхэлжээ. ЗХУ задарсны дараа хуучин социалист системтэй байсан орнууд шинэ зах зээлийг бий болгож, асуудал хэсэгтээ нам гүм байсан боловч 2000 он гарснаас хойш дахин сэдэрсэн байна.
АНУ-д 2008 онд эхэлсэн санхүүгийн хямралыг үүгээр тайлбарлаж болно. Тухайн үед АНУ-ын Засгийн газар моргейжийн зээлийг дэмжиж, илүүдэл капитал болох орон сууцнуудыг хэрэглэгчдэд “шахаж” эхэлсэн. Энэ нь эцэстээ туйлдаа хүрч, санхүүгийн хямрал болсон билээ. Түүнчлэн зохиомол эрэлт нь инфляцийг дагуулж эхэлсэн байна. Зарим эдийн засагчийн тооцсоноор Америкийн эдийн засгийн дор хаяж 10 хувь нь ам.доллар хэвлэн гаргаж, хэрэглэгчдийн эрэлтийг зохиомлоор бий болгосон тэр үйл явцын үр дүнд бий болжээ. Хэрэв Холбооны нөөцийн сан ам.доллар хэвлэхээ больчихвол нөгөөх 10 хувь нь ор мөргүй алга болно. Энэ нь маш том эрсдэл дагуулна. Чухам үүнээс болж АНУ-ын бодлого боловсруулагчид ам.долларын нийлүүлэлтээ бууруулж чадахгүй хэвээр байгаа. Тийм учраас Барак Обама ажилгүйдлийг бууруулахын тулд томоохон ажил өрнүүлж байгаа. Ажилгүй, орлогогүй иргэд бүтээгдэхүүн худалдан авч чадахгүй. Тийм учраас АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнер 600 тэрбум ам.доллар хэвлэн гаргаж, хөрөнгө оруулагчдаа дэмжсэн. Үүнийг дагаад АНУ-д инфляци өссөөр. Инфляцийг бууруулах хамгийн сайн арга бол бодлогын хүүг бууруулах. Гэтэл эдийн засаг хэт халсан үед ингэх нь хэтэрхий эрсдэлтэй бололтой. Өмнө нь мөнгөний хомсдол туйлдаа хүрсний дараа 1929 онд их хямрал бий болсон. Гэхдээ тухайн үед дэлхийн улс орнуудын эдийн засаг бие, биеэсээ харьцангуй хамаарал багатай байсан. Харин өнөөдөр бол эсрэгээрээ. АНУ гэх мэт их гүрэнд болж буй эдийн засгийн хямрал дэлхийг тэр чигт нь хамрахуйц нөлөөтэй болжээ. Ямартай ч америкчууд зохиомол эрэлтээсээ болж хүнд байдалд орж байна. Тэд ам.долларын нийлүүлэлтийг бууруулахыг хүссэн ч чадахгүй болжээ.
Дэлхийн эдийн засгийн толгойд гарч ирж байгаа Хятадад мөн л иймэрхүү маягийн зохиомол эрэлт үүсчихээд байна. Хятад бол улс төрийн хувьд коммунист тогтолцоотой боловч чөлөөт зах зээлийн эдийн засгийн харилцааг сонгосон орон. Тус улсын Ерөнхий сайд Вэнь Зябао 2008 онд дотоод зах зээл рүүгээ дөрвөн их наяд юань гаргасан билээ. Тэр хөрөнгө нь Хятадын орон нутгийн захиргаа, банкууд руу очжээ. Цаашлаад бага хүүтэй зээл хэлбэрээр иргэдийн гарт хүрсэн. Хятадын орон нутгийн засаг захиргааны нийт өр нь 1.65 их наяд ам.доллар болжээ. Энэ тоо нэмэгдсээр удахгүй дотоодын нийт бүтээгдэхүүний 35 хувьтай тэнцэж магадгүй. Магадгүй ч гэж дээ, угаасаа тэгнэ гэдгийг шинжээчид тооцчихож. Эцэст нь энэ бүхэн Хятадын Засгийн газар иргэдийнхээ хэрэглээг нэмэхийн тулд зарцуулсан хөрөнгө, зохиомол эрэлттэй холбогдож байна. “АНУ, Хятадын хооронд эдийн засгийн дайн өрнөж байна” гэж шуугих болсон. Энэ нь мөнөөх л илүүдэл капиталаа гаргах зах зээл олж авахын төлөөх тэмцэл юм. Үйлдвэрлэгчдийнх нь бараа, бүтээгдэхүүн хямд өртөгтэй байсан учир энэ тулаанд одоохондоо Хятад ялж байна. Гэвч Америкийн хэрэглэгчид өөрсдөө орлогогүй болж, Хятадын Засгийн газар иргэдийнхээ худалдан авалтыг дэмжих зорилгоор нэмж мөнгө гаргах боломж нь хязгаарлагдсаар.
Японд өнгөрсөн гуравдугаар сард цунами болохоос өмнө эдийн засагт нь дифляци хурдацтай өсч байсан. Дифляци бол үнэгүйдэл. Өнөөх үйлдвэрлэсэн саванг нь худалдаж авах хүн байхгүй болчихоор савангийн үнэ цэнэ буураад эхэлсэн гэсэн үг. Үүнээс болж савангийн үйлдвэрийн эзэн дампуурахад хүрнэ. Гэтэл улс орны эдийн засгийн өсөлтийг тодорхойлох ёстой үйлдвэрүүд хямраад эхэлбэл цаашаа юу болох нь ойлгомжтой. Харин цунами болсноор япончуудын хэрэглэж байсан “саван” үгүй болж, түүнийг дахин бүтээх шаардлага гарч ирсэн гэсэн үг. Ингээд үйлдвэрлэл сэргэж, худалдан авалт нэмэгдэж, эрэлт бодитоор нэмэгдэх юм. Өнгөрсөн долоодугаар сард Японд инфляци 0.2 хувиар өсчээ. Бага ч гэсэн өссөн байна шүү дээ. Эцэст нь дүгнэхэд АНУ, Хятад аль, аль нь илүүдэл капиталын асуудлаа шийдвэрлэж чадахгүй байна. Энэ нь дэлхийн эдийн засгийн томоохон хямрал болохыг ёрлож байж ч мэдэх юм.
"Улс төрийн тойм" сонин