Зээлийн хүүг бууруулах зорилгоор хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

Зээлийн хүүг бууруулах зорилгоор хөтөлбөр хэрэгжүүлнэ

УИХ Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах бодлогыг батлахдаа Засгийн газар болон Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд зээлийн хүүг бууруулах, эдийн засгийн зохистой орчин бүрдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхийг үүрэг болгожээ. Энэ дагуу Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, мөн арилжааны банкнаас тус бүр төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулагдаж, өнгөрсөн хоёрдугаар сарын 28-наас эхэлж ажиллаад, хөтөлбөр боловсруулсан байна. Энэхүү хөтөлбөрөө өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжлэг хүлээсэн юм. Хөтөлбөр энэ оноос эхлэн хэрэгжинэ. Хөтөлбөр хэрэгжсэнээр энэ онд инфляцийг нэг оронтой тоонд шилжүүлэх бол ирэх онд инфляцийг 8 хувь, 2013 онд таван хувь руу бууруулах зорилт тавьжээ.

Инфляцийг ийн буулгаснаар арилжааны банкуудын зээлийн хүү буурч, нөгөө талдаа бодит эдийн засгийг дэмжихэд томоохон хөшүүрэг болно гэж үзэж буй аж. Ер нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд арилжааны банкуудын зээлийн хүү нэлээд буурч байгаа дүр зураг бууж байгаа юм байна. Тухайлбал, зээлийн жигнэсэн дундаж хүү 2010 оны байдлаар 2.9 нэгжээр буурсан бол 2011 онтой харьцуулахад зээлийн жигнэсэн дундаж хүү 4.3 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ажээ.

Ер нь арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах асуудал нь дан ганц Монголбанкны хийх ажил биш,  Засгийн газраас сангийн бодлогоор зохицуулалт хийж байж, зээлийн хүү буурна гэж үзэж, энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж