Хэний бизнес болохоор хааж чадахгүй байгаа хэрэг вэ?

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

Хэний бизнес болохоор хааж чадахгүй байгаа хэрэг вэ?

Газрын тосны бүтээгдэхүүн, шингэрүүлсэн шатдаг хий хадгалах, тээвэрлэх, худалдах үйл ажиллагаа явуулж байгаа барилга байгууламжид өнгөрсөн долдугаар сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/ шалгалт хийсэн. Шалгалтад 61 газрын тосны бүтээгдэхүүн, шингэрүүлсэн шатдаг хий хадгалах байгууламж, 636 шатахуун түгээх зориулалттай 697 барилгыг хамруулжээ. Эдгээрээс улсын комисс хүлээж аваагүй 72 барилгад үйл ажиллагаа явуулж, шатахуун хадгалж байжээ.  Мөн шатахуун хадгалах савыг улсын бүртгэлд хамруулаагүй ашиглаж байснаас гадна дизель түлшний түгээгүүрүүд шатахууныг дутуу шахдаг байсныг ч илрүүлсэн. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 13  ШТС-ын цахилгаан, дулааныг хязгаарлаж, 26 шатахуун түгээх станцын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан.  Эдгээр  26 ШТС нь айл өрх, аж ахуй нэгжээс байрлах ёстой хэмжээг зөрчиж, аюултай нөхцөлд үйл ажиллагаагаа явуулж байгааг тогтоожээ. Энэ шалгалтын дагуу 26 ШТС-ын үйл ажиллагааг зогсоох хүсэлтийг холбогдох газруудад нь хүргэсэн боловч одоо болтол хариу өгөөгүй, арга хэмжээ аваагүй байгаа юм байна. Тэр дундаа шатахуун түгээгүүр нь нийтийн эзэмшлийн талбайгаас 50-иас дээш метрийн зайтай байх ёстой гэсэн дүрэм бий. Шалгалтын дүнг өнгөрсөн долдугаар сард танилцуулсан бөгөөд түүнээс хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрчээ. МХЕГ-аас эдгээр шатахуун түгээх станцын үйл ажиллагааг зогсоох саналыг Хотын захиргаа, ЭБЭХЯ болон бусад холбогдох албаны хүмүүст мэдэгдэл, арга хэмжээг яаралтай авах шийдвэрийг ч хүргүүлсэн гэсэн. Гэтэл өдий болтол хариу өгөхгүй байгаа нь тус газрын хийсэн шалгалтын үр дүн гарахгүй байна гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилга техникийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Н.Ганболд хэллээ.

Шатахуун түгээх станцуудад өмнө нь дүүргийн Засаг дарга нар зөвшөөрөл олгодог байсан. Харин энэ жилээс зөвхөн нийслэлийн Засаг дарга буюу хотын захирагч Г.Мөнхбаяр зөвшөөрлийг нь олгож эхэлжээ. Нийслэлд сургууль, цэцэрлэг барих газар байхгүй хэрнээ ШТС зэрэг барилга барих гэхээр газар олдчихоод байдаг нь сонин шүү. Хотын захирагчийн зөвшөөрлөөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн өмнө ШТС барих эрхийг өгч одоогоор үйл ажиллагаагаа эхэлжээ. Энэ ШТС нь далд булах ёстой шатахуун хадгалах саваа ил байрлуулсан аж. Уг нь журам, дүрмээрээ бол ШТС-уудын шатахуун хадгалах сав нь газрын гүнд буюу далд хэлбэрт байрлах ёстой. Энэ нь шатаж, дэлбэрэх эрсдлийг бууруулдаг гэх. Гэтэл энэ норм дүрмийг биелүүлээгүй станцууд тэр дундаа хүн ам ихтэй, барилга төлөвлөлт нь шигүү нийслэлийн хувьд хамгийн аюултай нөхцөл бүрдээд байгааг албанхын ч хэлж буй. Тэгвэл энэ байдлыг мэддэг хэрнээ зөвшөөрөл олгогчдыг яах вэ. Уг нь шатахуун түгээх станц барих зөвшөөрөл авахдаа МХЕГ болон Онцгой байдлын газруудаас санал, судалгаа хийгдсэний дараа зөвшөөрөл олгодог юм байна. Харин дээрхи хаах шаардлагатай станцуудад зөвшөөрөл өгөхдөө МХЕГ, Онцгой байдлын газраас зөвшөөрөл аваагүй, авсан ч дүрэм журмын дагуу барилга байгууламжийг бариагүй зэрэг зөрчилтэй байна. Хамгийн гол нь шатаж дэлбэрсэн тохиолдолд ямар хор хөнөөл учрахыг энд бичих нь илүүц биз.

Дээрхи 26 ШТС-ын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг Хотын захирагч Г.Мөнхбаяр, бүр Шадар сайд М.Энхболдод хүртэл хүргүүлсэн боловч одоо болтол хариу ирүүлээгүй байгааг Мэргэжлийн хяналтын байцаагчид хэлж байсан.
Хянадаг шалгадаг газар нь шалгаад зөрчилтэй учраас хааж өгнө үү гэсэн хүсэлтийг холбогдох албаныханд удаа дараа хүргүүлээд байхад нь нэг ч удаа хариу өгөхгүй, арга хэмжээ авахгүй байгааг юу гэж ойлгох уу. Хэн гэдэг эрх мэдэлтэй, хуулиас ангид ажилладаг хүний бизнес болохоор Шадар сайд нь ч, хотын дарга нь ч арга хэмжээ авч чадахгүй байна вэ гэдэг нь бараг л тодорхой биз ээ.

С.Тулга

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж