Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

Багш аа, байя аа

Бидний араншин гэлээ гэснээс монголчуудад нэг сонин зан бий. Тэр нь бодвол бие биенээсээ алсалж, бэлчээр даган сондгойрч амьдардаг байсан нүүдэлчин уламжлалаас нь л үүдэлтэй болов уу даа. Юу вэ гэхээр гадны хүний үг, сургаалийг учиргүй шимтэж сонсоно. Цаашлаад дагаж дуурайх, шүтэж мөрдөхдөө ч сүрхий гэж тоймгүй. Ямартаа л сургаал айлдагчийг шууд л “багш аа” гэж дуудах бөгөөд энэ нь агуулгын хувьд их л эрхэм үг болой. Даанч харамсалтай нь, сонссон сургааль номлолын цаад наадхыг нь төдий л сайн ухаж ойлгохыг чармайхгүй аж. Хэрэгтэй хэрэггүйг нь ялгаж салгахаасаа илүү ихэвчлэн хэлбэрдэх тал руугаа  тусгах нь элбэг. Ийм араншин бидний өнгөрсөн түүхэнд ч  гашуун дурсамж үлдээсэн нь үнэн.

Ильич багш

Ингэхэд монголчуудын түүхэнд хэр олон багш байсан бэ гэж үү. Нэг их олон биш, гэхдээ ч бас цөөнгүй л байх. Магадгүй эхний багш нь Их эзэн Чингисийн дэргэд байсан бололтой. Юлүй Чу Цай хэмээх нэр түүх сударт гарна. Нэгэн үе эзэн Чингисийн айлтгал хэмээн бидэнд ойлгогдож байсан зарим сургаалиуд нь одоо мань хүнийх болчихсон явж байхыг үзвэл нэн шаггүй нөхөр байсан бололтой санагддаг. Гэх мэтээр сургаалийг нь сонсч байсан олон багш нарын дотроос хамгийн алдартай нь гээд ганц хоёр хүнийг нэрлэмээр ч юм шиг.

 Мэдээж эхнийх нь Ленин хэмээх багш байлаа. Одоо л муу нэр зүүгээд байгаа болохоос  бас ч гэж хөмөрсөн тогоон дотор байсан монголчуудыг тэртээ уулын цаана Европ, тэгээд Өрнөд гэж байдаг тухай ойлгож мэдэхэд нь өөрийн гавьяаг бол байгуулчихсан ч хүн шиг. Өнгөрсөн зууны эхээр монголчууд өөрсдийх нь хувьд Өрнө Дорнын зааг болсон хоёр их гүрний хавчлагад самгардаж  явах үед нь их багш Ленин санаатай ч юм уу, санаандгүй ч юм уу олж уулзаад, ямар ч байсан сургаалиа суганд нь хавчуулаад явуулчихсан л байгаа юм. Тэгэхдээ монголчуудыг яг ч “эв хамтын замаар яв” гэж хэлсэн үү, үгүй юу гэдэг бас л сонин.

Яахав зүгээр, “улаан Орос жаахан ганцаардаад байгаа шүү, ер нь нөхөрлөвөл ч нөхөрлөчихье л” гэсийн биш үү. Түүнээс биш монголчуудын мал хөрөнгийг нь хураагаад, лам нарыг нь буудчихаарай гэж ч хэлээгүй л юм шиг билээ. Энэ мэт түүхийг хараад байхад багш нар нь ч яахав, харин монголчууд өөрсдөө “их айхтар” сурагчид шиг байгаа юм. Санаа хэлмэгц маш “сайн” тусгаж авах бөгөөд хийхдээ өөрийхөөрөө гайхалтай “монголчилж” чадна. Тэр тусмаа өөрсдийх нь “шог занг нь” сайн хөгжөөж өгөхүйц коминтернийн Ринчино мэтийн “анги даасан багш” нарын үгийг дуулгавартай дагана гэж юүхэв. Нэг үгээр хэлбэл муу юмыг сурахдаа сайн. Хэлмэгдүүлэлтийг сайн сурсан нь хожим хойно мөн ч удаан гай болсон доо.

-Эх ребята … лам нарыг хэн бууд гэсийм бэ?

-Жа багш аа, байя аа….

Democracy багш

Ингээд монголчууд улаан ”ком”-д орж “, “соц” маршийн аяар өнгөрсөн зууны ихэнхийг авчихаад байж байтал ашгүй ардчилсан хувьсгал гарч шинэ нийгмийн баримжаа тогтож ирэв. Шинэ нийгэм гэдэг бас л шинэ сургааль. Арай л АНУ гэдэг багштай хатны нэр биш шүү гэж хэлэхээс наагуурхан юм болов. Өрнөдөд хоёр зуун жил үзэж ирсэн номыг манайхан хорин жилийн дотор тусгаж авахаар шамдав.

 Ардчиллын боловсрол гэхээр бидний санаанд юу бууж ирдэг талаар өмнө нь бичсэн болохоор /Ардын эрх сонин №166 /1724/ давтаж нуршаад яахав. Харин ардчиллын замд дөнгөж орж байгаа Монголыг багш шавийн барилдлагаар шахуу угтаж байсан улсууд одоо эргэж харвал гайхахаар зүйл олон байгааг юу гэж ч ойлгомоор юм дээ. Муу багштай байсан гэлтэй ч биш, эсвэл орчуулга нь буруу яваад байсийм аа ч гэх үү. Тэгээд хэлэхээр бас их асуудал гарна аа. Хэн орчуулга хийлээ гэж асуух хэрэгтэй болж байгаа юм.

Ардчилсан нийгмийн сайн шинж тэмдгийн нэг нь шударга сонгууль байдаг хэмээх ардчиллын номыг уг нь бол ухаартлаа л сонссон байлтай. Гэтэл яав. Сонгуулийг ч яахав сонгодог тогтолцоогоор нь л явуулаад байх шиг байгаа юм. Харин “сонгодог” луйврын ухааныг хаанаас сурсан болох нь тодорхойгүй. Бүр дадал зуршил болтлоо сонгогчдын саналыг луйвардаж сурсаар ирсэн тул иргэд ч өөрийн сонголтдоо итгэхээ байж. Ардчиллын анхны жилүүдэд хийсэн ганц нэг сонгуулийг эс тооцвол сонгогчдын санааанд хар буулгүй, шударга гэж хэлэхээр ганц ч сонгууль Монголд болсонгүй.

Тэгсэн хэрнээ сонгууль бүрийн өмнө толгой эргэм тоон дүнгээр илэрхийлсэн өндөр өртөгтэй сургалт, семинар, гадаад дотоод аялал,хурал хуй гээд бөөн юм болно. Бүр олон улсын нэр хүнд бүхий томоохон байгууллагууд хүртэл өдий төдий мөнгө гаргаж байж монголчуудад шударга сонгууль явуулахад нь тусалж байсан бэлээхэн баримт бий. Даанч сургаж заасаар байтал нь шударга сонгууль гэхээсээ сонгодог луйвар хийж орхидог болоод удаж байгаа. 2008 оны сонгуулийн өмнө гэхэд л тухайн үеийн СЕХ-ны дарга, цэрэггүй  “сонгуулийг шударга явуулахын тулд гадаадын байгууллагууд сүүлийн жилүүдэд байгаагүй их тусламж үзүүлсэн” гээд л зарлаад байсан.

Их санасан газар гэдэг шиг юм болж сонгуулийн булхай луйвраас үүдэн юу боллоо доо. Сонголтоо булхайдуулсан иргэдийн жагсаал  цуглаан, тэгээд төрийн хүчирхийлэл, амиа алдсан иргэд, хэлмэгдсэн залуус. Ардчилсан Монголын сонгуулийн бэлтгэл ажилд нь тусалж, сургалт семинарыг нь хүртэл “дааж” зохион байгуулаад байсан олон улсын байгууллагын цэнхэр туг 2008 оны сонгуулийн үр дүнг харж “ичсэндээ” бараг ягаан болж намирсийм биш үү. Хүний ичих ч яахав дүүрч, өөрсдөө бид чинь ер нь ичиж зовохоо байчихсан бололтой. Одоо ирэх жилийн сонгуулийн бэлтгэл, сургалт семинар гээд дахиад л гадныхнаас мөнгө асууж яваа сураг байсан шүү. Яана даа.

-Иргэдээ буудаад, сонгууль нь будилаантаад ….Юу болоод байгаа юм бэ ?

-Байя аа, багш аа …

Сурлагагүй сурагч

Орчин үеийн ардчилсан нийгмийн шалгуур болгож байгаа өөр олон үзүүлэлт бий. Тухайлбал авлигын индекс.  Авлигын индекс буюу дэлхийн улс орнуудад авлига ямар хэмжээтэй байгааг харуулсан Transperency International байгууллагын жагсаалтыг олж үзэв. Бид хаана явна вэ гэж. Улс орнуудыг жагсаасан хүснэгтийг олж авмагцаа хэсэг орнуудыг алгасаад 60-аад орны дараагаар одоо эрх биш байгаа биз гээд хартал байдаггүй дээ. Жагсаалт ч дууслаа. Монгол Улсын нэр алга л байв.

Бүр байхаа больсон юм болов уу гэтэл ард нь бас нэг жагсаалт байдаг аж. Арын  эгнээнийхэнд зориулсан юм байна л даа. Тэнд нь хайтал ашгүй Монгол гэсэн нэр байна шүү. Тэгэхдээ 116-р байранд байна, хөөрхий. Нийт 170 гаруй орноос шүү дээ. Дэлхийн улс орнуудыг авлигаас хэр ангид байгааг нь 10 хүртэл баллаар үнэлж дүгнэсэн энэ хүснэгтэд бид сүүлийн жилүүдэд “алтан гурав ” л аваад байсан бололтой юм. Харин өнгөрсөн жил бүр “муу” буюу 2 гэсэн балл авчээ.

Өөрөөр хэлбэл3, байсан үнэлгээ нь 2.8 болон буурсан үзүүлэлттэй л явж байна. Авлигатай тэмцэх гэж өндөр цалин, хангамж төсвөөс авдаг төрийн тусгай албан хаагчидтай бүтэц байгуулаад ч нэмэр алга байна гэдгийг дээрх хүснэгтээс төвөггүйхэн олж харж болно. Бас гадаадын дэмжигч орнуудаас өч төчнөөн хөрөнгө мөнгө “саадаг” татаасын нэг хаяг нь ардчилсан Монголын авлигатай тэмцэх үйлс байсаар ирсэн. Гэтэл гарсан үр дүн нь хоёр,  дээр нь хэсэг бутархайтай. Энэ үзүүлэлтийн манлайлагчид болох Дани, Сингапур шиг 9 балл авахаа больё гэхэд ядаж дөрөв юм уу тав авч болохгүй л юм байх даа. Тэгвэл ядаж урд эгнээнд зогсохсон. Одоо тэгэхэд яаж байна, арын эгнээнд тээр доогуур.

-Юу вэ… Авлигын үзүүлэлт чинь муудсаар байгаа юм биш үү, ардчилсан Монгол оо?

-За байя аа, багш аа…

PS: Сурлагагүй сурагч бидэнд ардчилсан боловс­ролын давтан сургалт явуулах сураг гарч байна билээ. Давтан сургалтын нэг хөтөлбөр нь хэвлэлийн эрх чөлөөний давтан сургалт болох байх гэсэн сэжиг ч надад бий. Гэхдээ энэ бол томоохон сэдэв тул энэ удаадаа орхиё.

М.Наст

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж