Инфляцийг нэг оронтой тоонд хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

Инфляцийг нэг оронтой тоонд хүргэнэ

Инфляцийг нэг оронтой тоонд хүргэнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Зээлийн хүү буурах зах зээлийн орчныг бүрдүүлэх хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжлээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд инфляцийг бага, тогтвортой түвшинд байлгах, банкуудын үйл ажиллагааны шударга, зохистой байдлыг хангуулах, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангаж, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг түргэтгэх, энэ салбарын дэд бүтэц, хууль, эрх зүйн орчинг сайжруулах шаардлага гарч байгаа талаар хуралдаанд танилцуулсан байна. Тухайлбал инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгахын тулд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийн түвшинг шат дараатай бууруулах, индекст голлох нөлөөтэй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нөөц бүрдүүлж, оновчтой хуваарилан, нийлүүлэлтийг жигд хангаж, үнийн хэлбэлзлийг бууруулах бодлого баримтлах гэнэ.

Үүнийхээ хүрээнд Замын-Үүд, Алтан­булаг, Гашуунсухайт, Ши­вээ­хүрэн, Булган, Бургастай, Би­чигтийн боомтын хүчин чадлыг нэ­мэгдүүлж, хэрэглээний үнийн индекст голлох нөлөөтэй импортын бараа, бү­тээгдэхүүний нийлүүлэлтийн тогт­вортой байдлыг хангахаар төлөвлөсөн аж.

Хөтөлбөрийг 2011-2013 он хүртэл хэрэгжүүлснээр инфляцийн түвшинг энэ онд нэг оронтой тоонд, 2012 онд 8 хувь, 2013 онд 5 хувьд хүргэнэ гэж тооцоолж байна. Энэ оны эхний улирлын байдлаар төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 10.5 хувь болж өмнөх оны мөн үеэс 1.8 нэгж хувиар, өмнөх улирлаас 0.2 хувиар буурч, зээлийн жигнэсэн дундаж хүү 15.8 хувь болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.3 нэгж хувиар, өмнөх улирлаас 2.1 хувиар буурсан гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл зээлийн хүүгийн түвшин хадгаламжийн хүүгийн бууралтаас илүү хурдацтай байгаа нь банкуудын зээлийн хүүгийн зөрүү буурч байгааг харуулж байна. Мөн валютын зээлийн хүү болон хадгаламжийн хүүгийн түвшин ч буурах хандлагатай байгаа аж.

Энэхүү хөтөлбөрөө үр дүнтэй байлгахын тулд биелэлтийг жил тутам Засгийн газарт танилцуулж байхаар үүрэг болгосноор дараагийн асуудалдаа орлоо.

Энэ өдрийн Засгийн газрын хуралдааны гол хүн нь С.Баярцогт сайд байсан бөгөөд хэлэлцэх дараа, дараагийн асуудал нь мөн л Сангийн яамны үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай байв.

Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн хоёрдугаар улирлын гүйцэтгэлийг  Сангийн сайд С.Баярцогт танилцууллаа. Төсвийн гүйцэтгэлд эерэг өөрчлөлт нилээдгүй гарсан гэдгээ тайлангийн үр дүнд үндэслэн тайлбарлаж байв. Улсын нэгдсэн төсвийн 2011 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 124,6 хувийн, нийт зарлага 78,3 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 57,8 тэрбум төгрөгийн ашигтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 897,0 тэрбум төгрөгөөр их гарчээ. Мөн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого оны эхний 6 сарын гүйцэтгэлээр 1,926,0 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 380,0 тэрбум төгрөгөөр буюу 24,6 хувиар давж биелж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 55,4 хувиар буюу 686,4 тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийт орлогын 87,8 хувь нь татварын орлогоор, 11,8 хувь нь татварын бус орлогоор, 0,4 хувь нь хөрөнгийн орлогоос тус тус бүрджээ. “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-ийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогоос нийт 40,7 тэрбум төгрөгийг тогтворжуулалтын сангийн орлогод бүртгэжээ.

Харин нэгдсэн төсвийн нийт зарлага 2011 оны 6 дугаар сарын байдлаар 2,385,3 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 1,868,2 тэрбум төгрөгийн буюу 78,3 хувийн гүйцэтгэлтэй гарч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 32,8 хувиар буюу 461,1 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Орлого нэмэгдсэн ч зардал нилээдгүй хувиар өссөн нь Хүний хөгжил сангаас иргэдэд олгох бэлэн мөнгийг нэмэгдүүлж сар тутам 21,000 төгрөг болгосон, оюутнуудын сургалтын төлбөрт дэмжлэг болгож 500,000 төгрөгийг шинээр олгох болсонтой холбоотой байв.

Мөн тайланд Монгол Улсын төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2011 оны 2 дугаар улирлын гүйцэтгэлээр 1,321,2 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 215,3 тэрбум төгрөгөөр буюу 19,5 хувиар давж биелж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 35,0 хувиар буюу 342,9 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарчээ. Түүнчлэн импортын бараанд ногдуулж байгаа онцгой албан татварын орлогын гүйцэтгэл 36,8 тэрбум, гаалийн албан татварын орлогын гүйцэтгэл 27,7 тэрбум төгрөгөөр тус тус давж биелсэн нь манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт өмнөх оноос 77,1 хувиар буюу 2,053,4 сая ам.доллараар нэмэгдсэнтэй холбоотой байлаа.

СОЛОНГОСООС ЗЭЭЛ АВАХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ДЭМЖИВ

БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд хөнгөлөлттэй зээл авах тухай Ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулахаар болсон. Харин энэ удаагийн хуралдаанаар засгийн газрын гишүүдийн олонх дэмжсэн хэдий ч УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов. 1993-2007 онд манай улсад 8 төсөл хэрэгжүүлэхэд тус сангаас 60-аад сая ам.долларын зээл олгожээ. Харин 2011-2015 онд 300 сая ам.доллараас хэтрэхгүй солонгос вонын зээлийг олгохоор тохиролцжээ. Энэхүү зээлийг үндэсний оношлогоо, эмчилгээний төв байгуулах, холбоо, хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээ төслийг үргэлжлүүлэх, бөөний худалдааны төв байгуулах, нүүрсийг хийжүүлэх замаар эрчим хүчний цэвэр түлш гаргах үйлдвэр барих зэрэгт зарцуулахаар төлөвлөсөн аж. Энэ талаар сайд С.Баярцогт “35 жилийн хугацаатайгаар авах энэхүү зээлийн жилийн хүү нь 0.15 хувь. Үндсэн төлбөрөөс эхний арван жилдээ чөлөөлөгдөнө. Одоогоор хоёр талаас тохирсноор бол дээрх зээлээр Үндэсний оношлогоо эмчилгээний төв байгуулахад зарцуулахаар болоод байгаа аж.. Харин бусад зээлийг юунд зарцуулах вэ гэдэг дээр хоёр тал бас зөвшилцөнө. Зээлийн санхүүжилтээр нүүрсийг хийжүүлэх замаар эрчим хүчний цэвэр нүүрс гаргах, нүүрс баяжуулах үйлдвэр, үндэсний төв архивын тоног төхөөрөмж эмнэлгийн барилга байгууламж зэрэг төслүүдэд зарцуулахаар БНСУ-ын талд санал тавиад байгаа. Зээлийн нөхцөлд зааснаар жилдээ хоёр төсөл хэрэгжүүлнэ. Ингэхдээ нэг салбарт нэг л төсөл хэрэгжүүлэх нөхцөлтэй” хэмээн тайлбарласан юм.

 

ИННОВАЦИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ

Хуралдаанд нэгэн хуулийн төсөл хэлэлцэгдсэн нь “Инновацийн тухай хууль”-ийн төсөл байлаа. Уг хуулийн төсөл батлагдсанаар манай улсад инновацийн тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчин бий болгох чухал алхам болно гэж Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамныхан саналаа гаргажээ.

Түүнчлэн шинжлэх ухаан-үйлд­вэрлэлийн холбоог хөгжлийн шинэ шатанд гаргах, өрсөлдөх чадвартай мэдлэг шингэсэн шинэ бүтээгдэхүүнүүд зах зээлд нэвтрэх, үндэсний аж үйлдвэрийн салбарт технологийн шинэчлэл хийх, экспортод чиглэсэн өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх үндэс суурийг тавих ач холбогдолтой гэнэ. Одоогоор улсын захиалгат болон улсын бүртгэлд бүртгэгдсэн инновацийн төслүүдийг хэрэгжүүлэхэд эхний жил ойролцоогоор 5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

ТОМИЛОЛТЫН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨВ

Засгийн газрын хуралдааны төгс­гөлд энхийг сахиулах ажиллагаанд орол­цогсдын цалин урамшууллыг нэмэг­дүүлэх талаар зөвшилцөөд аюулгүй байдлын эрсдлийн түвшний нэмэгдэх хандлага, цэргийн албан хаагчийн нийгмийн баталгааг бэхжүүлэх, га­даад цэргийн ажиллагаанд оролцсон албан хаагчийн томилолтын хэмжээг дэс дараатай өсөн нэмэх хэрэгцээ гарч байгааг үндэслэн томилолтын зардлыг НҮБ-ын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөр болон тусгай мэргэжилтний нэмэгдлийн 70 хувиар тогтоох, үлдэх 30 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлж байхыг Сангийн сайд С.Баярцогт, Батлан хамгаалахын сайд Л.Болд нарт даалгалаа. Энэ шийдвэрийг ирэх оны эхний өдрөөс мөрдөж эхлэхээр болжээ.

Б.МАНДАХ
"Ардын эрх" сонин
 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж