Энэтхэгийн армийн жанжин штабын дарга Монголд айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн армийн жанжин штабын дарга Монголд айлчилж байна

Улаан малгай, ногоон дүрэмт хувцасаар ижилссэн хүмүүс Энэтхэгийн Элчин сайдын яамаар дүүрэн. Энэтхэгийн армийн цэргүүд ирсэн нь энэ аж. Тэд Монгол Улсад Батлан хамгаалах салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойд оролцохоор иржээ. Ойн баярт оролцохоосоо өмнө тэд Энэтхэгийн Элчин сайдын яаманд саатаж, сэтгүүлчидтэй уулзалт хийх гэж холхилдож байгаа нь энэ аж.

Энэтхэгийн Элчин сайдын яамны урд талын талбайд хүн явуулахгүй хоосон болгосон байлаа. Учир нь армийн цэргүүд тусгайлан бэлдсэн үзүүлбэрээ сонирхуулах учраас тэр. Тэдний энэхүү үзүүлбэр нэг мотоцикилд хамгийн олон хүн багтаасан амжилтаар гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгджээ. Монголчуудад өөрсдийн бэлдсэн үзүүлбэрээ Батлах хамгаалах салбарын 100 жилийн ойн баярт оролцохоосоо өмнө тэнд цугларсан зочдод сонирхуулж байгаа нь энэ. “Бид энэхүү үзүүлбэрийг олон жилийн өмнөөс бэлдэж эхэлсэн. Танайд болж байгаа энэ сайхан баярын ёслолд үзүүлбэрээ толилуулах гэж байгаадаа баяртай байна. Энэ үзүүлбэрийг манай орны цагдаагийн ажилтны төлөөлөл хийж гүйцэтгэдэг юм” гэж Энэтхэгийн армийн хурандаа ярьж байсан юм. Тэд мотоциклийг тусгайлан тоноглосон бөгөөд богино шат, жижиг төмөр бэхэлгээнүүдийг мотоциклийн их биед байрлуулжээ. Ойролцоогоор нэг мотоцикилд 10 гаруй хүн багтсан байх агаад үзүүлбэрт зориулсан тусгай хөдөлгөөнүүдийг хийж үзүүлэх аж.
Монгол Улсад Батлан хамгаалахын салбар үүссэний 100 жилийн ойд оролцохоор Энэтхэгийн армийн жанжин штабын дарга генерал В.К.Сингх болон армийн удирдлагууд ирсэн ажээ. Манай улс Энэтхэг улстай батлан хамгаалахын салбарт 2000 оноос хамтран ажилласан ч хоёр орны харилцаа 2700-аад жилийн түүхтэй билээ. “Олон тэгш ой давхацсан энэ жил танай орны батлах хамгаалах салбарын 100 жилийн ой тохиож байна. Энэ ойг тэмдэглэх баярын арга хэмжээнд Энэтхэг улсыг урьж, томоохон ач холбогдол өгч байгаа нь гүнээ хүндэтгэж байгаагийн илрэл. 100 жилийн ойд оролцохоор манай улсын армийн томоохон албан тушаалтнууд ч ирсэн. Энэтхэгийн армийн төлөөлөл 100 жилийн ойн ёслолын ажиллагаанд цэргийн үзүүлэх тоглолт болон тусгайлан бэлдсэн үзүүлбэрийг ч сонирхуулах болно. Та бүхэнд баяр хүргэе” хэмээн Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сатбир Сингх ярьж байсан юм.

Энэтхэгийн арми нийт 2,1 сая орчим бие бүрэлдэхүүн, гурав гаруй сая цэргийн техниктэй бөгөөд энэ нь дэлхийд дөрөвт орох үзүүлэлт ажээ. Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 1956 оноос хойш оролцож байгаа юм. Энэ удаагийн Энэтхэгийн цэргийн удирдлагуудын айлчлал анх удаагийнх биш бөгөөд 2009 оны гуравдугаар сард Энэтхэгийн армийн жанжин штабын дэд дарга, дэслэгч генерал Нобле Тамбураж, энэ оны долдугаар сард Цэргийн тагнуулын газрын дарга дэслэгч генерал Д.С.Такур, 2010 оны зургадаар сард Энэтхэгийн хилийн аюулгүй хүчний дарга генерал Шри Раман Сривастава тэргүүтэй төлөөлөгчид айлчилж байжээ.

Б.БОЛОРСҮХ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж