Нүүрс түлбэл хашаанаас нь нүүлгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

Нүүрс түлбэл хашаанаас нь нүүлгэнэ

Манай орны нийт нутгаар сэрүүсч, тариалангийн бүс нутгуудаар хөрсөн дээр цочир хүйтэрч, зарим нутгаар цас унав. Хүйтний ам наашилсныг сануулахтай зэрэгцэн Улаанбаатарын утааг ч сануулаад амжлаа. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар энэ өвөл нийслэлийн гурван дүүргийн 18 хороонд утаагүй түлш түлүүлэх, бүтэн шаталттай зуух хэрэглүүлэхээр болсон юм. Нийслэлийн зургаан дүүргийн 484 хэсгийн ахлагчийг утааны байцаагчаар давхар ажиллуулж, энэ бүсэд байгаа айлуудын янданд хяналт тавих юм. Агаарын бохирдлыг бууруулах тухай хууль зөрчсөн, нийслэлийнхний уушгинд “халамж” тавиагүй айл өрх, албан газруудыг хатуухан торгох юм билээ. Өөрөөр хэлбэл, Агаарын тухай хуулийн 26 дугаар зүйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол захиргааны арга хэмжээ авах талаар тусгасан. Тус хуулийн 26.1.1-д журам зөрчсөн айл өрхийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, аж ахуйн нэгж, албан байгууллагыг дөрвөөс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох юм байна. Тэр ч бүү хэл, нүүлгэх хүртэл арга хэмжээ авах гэнэ.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдаанаар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дагаж мөрдөх журмын талаар хэлэлцлээ.  Хурлын өмнө нийслэлийн Засаг даргын орлогч Да.Ганболд утаагүй түлш хэрэглэх хязгаарлалтын бүсийг байгуулж, түлш, зуухны асуудлыг шийдсэн талаар мэдээлэл өгсөн юм. Хурлын үеэр дараах асуултад Тэргүүлэгчид хариу авсан юм.

Б.Батзориг /НИТХТ/:

-Хязгаарлалтын бүсэд багтсан айлууд журам зөрчвөл хүлээлгэх хариуцлага торгуу­лиас өөр бий юү?

Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга Л.Мөнхцог:

 -Журмын 7.1-т зааснаар хариуцлага хүлээлгэнэ. Удаа дараа зөрчсөн айлуудыг дүүргийн нутаг дэвсгэрээс нүүлгэх хүртэл арга хэмжээ авна.

Д.Амарбаясгалан /НИТХТ/:

-Хязгаарлалтын бүсэд хэрэглэх түлшний чанар ямар байгаа бол. Өнгөрсөн жил шалгалтаар явж байхад шаардлага хангасан түлш байгаагүй. Энэ жилийн түлшинд хяналт тавьсан уу. Юугаараа ялгаатай юм бэ. Мөн түлшний нөөцлөлт сайн байгаа юу. Иргэд түлшээ авах гэтэл дуусчихсан   гэсэн хариу өгөх юм биш биз?

Л.Мөнхцог:

-Стандарт шаардлага хангасан түлш хэрэглэнэ. Найман үйлдвэртэй гэрээ байгуулсан. Хоёр нь хагас коксжсон түлш нийлүүлэх юм. Дан коксжсон нүүрс маш өндөр температурын дулаан ялгаруулдаг учраас дангаар нь түлвэл зуух нь хайлах хүндрэлтэй.  Тиймээс үртэстэй хольсон байдлаар /70х30 хэмжээтэй/ үйлдвэрлэсэн. Баянзүрх, Баянгол зэрэг дүүрэгт таван агуулахад утаагүй түлш нөөцөлнө. Одоогийн байдлаар Баянгол дүүргийн хоёр бөөний төвд 67 тонн түлш нөөцөлсөн байгаа. Ер нь Улаанбаатарын хэмжээнд 3700 тонн түлш нөөцлөхөөс өнөөдрийн байдлаар 2500 тонныг нөөцөлсөн. Нүүрсээ эрт худалдаанд гаргачихвал  иргэд их хэмжээгээр худалдаж аваад дамлах магадлалтай тул  одоогоор худалдаанд гаргаагүй байгаа.

Ц.Цогзолмаа /НИТХТ/:  -Хяналт тавих хүмүүсийн цалингийн асуудлыг яаж зохицуулж байгаа вэ?

Л.Мөнхцог: 

-Хэсгийн ахлагч нар ажиллана. Тэдний цалинг Цэвэр агаар төслөөс санхүүжүүлнэ. Сар бүр ажлын гүйцэтгэлийг харж 50 мянган төгрөг өөрсдийнх нь үндсэн цалин дээр нэмж өгөх юм. Ер нь нийслэлийн зургаан дүүрэгт 484 хэсгийн ахлагч ажиллахад зориулж нийт 193,6 сая төгрөг зарцуулах юм.

НИТХТ-дийн хурлаас нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дагаж мөрдөх журмыг баталж тогтоол гаргахаар боллоо. Энэ үеэр агаарын бохирдлыг 30 хувь хүртэл бууруулахаар ажиллаж байгаа. Ийм үед эхний санаачилсан ажлуудаа чанаржуулах, хариуцлагыг чангатгах нь зөв. Хариуцлагын талаарх хуулийн заалтуудыг олонд дэлгэрэнгүй танилцуулж, сурталчилах хэрэгтэй. Түлш­ний нийлүүлэлтдээ сайн анхаарах ёстой гэв.

Ц.Цог

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж