Хойд талын хар овоохой

Хуучирсан мэдээ: 2011.09.07-нд нийтлэгдсэн

Хойд талын хар овоохой

Монгол хүний буруу гэж бодсон асуудал бүрт УИХ-ын гишүүн, Эр­дэс баялаг,
эрчим хүчний сайд Д.Зоригтыг буруутай гээд л бодчих. Өөр хэн ч буруугүй. Оюутолгойн гэ­рээнд Д.Зоригт л гарын үсэг зурсан. Тавантолгойн асуудал дээр мөн л Д.Зоригт ажиллаж байгаа. Явж, явж энэ хоёр толгой Монголд бүрэлдсэн нь хүртэл Д.Зоригтын буруу. Мөн бензиний үнэ нэмэгдсэн нь Д.Зориг­тын буруу. Бүр Яармагын зам дээр явж байгаа эксел машины бензин та­салдахад хүртэл Д.Зоригт буруудна. Муу л юм болвол хойд талын хар овоохой гэгчээр сайд Д.Зоригтын буруугүй юм байна уу. Түүнийг “Залуу сайд” гэнэ. Явж, явж залуу хэрнээ өдий хэмжээний ажил эрхлэх чадвартай болсон нь Д.Зоригтын буруу юм биш үү. Өөрийнхөө насны залуус шиг гэртээ хэвтээд, эх орныхоо хишгийг авч байхгүй юундаа төрд зүтгэсэн юм бэ. Шантармаар олон сорилтыг туулж гарч байгаа нь мөн л түүний буруу. Түүнийг огцруулах асуудал хоёр ч удаа УИХ-ын чуулганаар орсон. Энэ асуудалд УИХ-ын гишүүдийн олонхи нь “Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг суудалд нь үлдээж, ажлыг нь хийлгэе” гэсэн байр суурьтай байж авч үлдсэн. Гэтэл “Д.Зоригтыг огцруулахгүй” гэж кноп дарсан УИХ-ын гишүүдээсээ илүү огцрох шахсан Д.Зоригт буруутай болж үлдсэн. Гэхдээ түүнд нэг л зөв бий. Ард түмнийхээ өмнөөс хичээнгүйлэн ажиллаж байгаа сэтгэл нь зөв юм даа. Монголчууд “Сэтгэл байхад болно доо” гэж ярьдаг. Д.Зоригтод сэтгэл байгаа хойно болох байлгүй дээ.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж