
Энэ долоо хоногт ихэнх нутгаар бороо орж, эрс хүйтрэх төлөвтэй байгааг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Долоо хоногийн дундуур Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ,Төв, Хэнтий аймгийн газар тариалангийн нутгуудаар хөрсөн дээр хасах 0-5 хэм хүрч, цочир хүйтрэх учир малчид, тариаланчдыг сэрэмжтэй байхыг сануулав. Маргаашнаас нутгийн зүүн хэсгээр, 11-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас унаж, салхины хурд секундэд 5-10 метр хүрэх юм байна. Харин “Баасан гарагаас эхлэн нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна” хэмээн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын цаг уурчид хэлж байна. Энэ долоо хоногт баруун аймгуудын нутгаар үүлшиж, гол төлөв нутгийн зүүн хэсгээр хур тунадас орох гэнэ. Салхины хурд секундэд 5-10 метр байх аж. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүртэл хйүтэрч, өдөртөө 6-11 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө гурван хэм дулаанаас хоёр хэм хүйтэрч, өдөртөө 11-16 хэм дулаан байх аж. Төвийн аймгуудын нутгаар мөн л үүлшиж, зарим нутгаар хур тунадас орох юм байна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө хасах 4-9 хэм хүртэл хүйтэрч, өдөртөө 3-8 хэм дулаан байх ба бусад нутгаар шөнөдөө гурван хэм дулаанаас хоёр хэм хүйтрэх төлөв ажиглагджээ. Харин зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд секундэд 7-12 метр хүртэл ширүүсч, шөнөдөө хасах 0-5 хэмд хүрч, цочир хүйтрэх юм байна.
"Улс төрийн тойм" сонин