Өрийн хямрал жижиг банкуудыг дампууралд хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.06-нд нийтлэгдсэн

Өрийн хямрал жижиг банкуудыг дампууралд хүргэнэ

Их долоон гүрний санхүүгийн лидерүүд валютын бодлогоо эргэн харж, шаардлагатай зарим оронд эдийн засгийн шинэчлэл хийхээр ирэх баасан гаригт Францын Марсель хотноо чуулах гэж байна. “Их долоо”-гийн энэ уулзалтад АНУ, Канад, Герман, Франц, Итали болон Их Британийн сангийн сайд нар болон төв банкны захирлууд оролцож удааширч буй дэлхийн эдийн засгийг хөдөлгөөнд оруулахад хөшүүрэг болох алхамуудын талаар хэлэлцэх гэнэ. "Сульдсан дэлхийн эдийн засгийг өнөөгийн нөхцөл байдлаас хэрхэн гаргах вэ гэдэг асуудал дэлхийн топ санхүүчдын хэлэлцэх гол асуудал” гэж “Их долоо”-гийн төлөөлөгчид мэдээлж байна.  Олон улсын санхүүгийн үйлчилгээний “Lehman Brothers”-ыг дампуурлаа гэж зарласнаас хойш дэлхийн эдийн засаг хамгийн хүнд хэцүү үетэй тулгараад байгааг   “Их долоо” хүлээн зөвшөөрчээ. Газрын тосны үнийн өсөлт, Европ, АНУ-ын өрийн хямрал зэрэг цаг үеийн хүчин зүйлүүд нь үүнд нэрмээс болж байгааг эдийн засагчид онцолж байгаа юм. Хэдийгээр албан ёсны мэдэгдэл гараагүй байгаа ч Франц уг чуулганд голлох үүрэгтэй оролцох бололтой. Евро бүсийн орнуудын өрийн хямралын асуудлыг  чуулганаар хамгийн түрүүнд хэлэлцэнэ гэж ажиглагчид үзэж байна. Европын орнуудаас хөрөнгө оруулагчдыг холдуулж буй гол шалтгаан нь өрийн хямрал юм. Гэсэн хэдий ч өрийн хямралыг арилгахад дээрх орнууд өмнө амлаж байснаасаа илүү зүйл хийж чадахгүй гэж ажиглагчид үзэж байна.  Харин Евро бүсийн орнуудын эдийн засгийг тогтвортой байлгах яаралтай зээлийн санг нэмэгдүүлэх нь гэдэг шүүмжлэл гарахгүй бололтой. Учир нь тус бүсийн орнуудад нэг нэгийгээ чичих биш хяналтаас гарах дөхөөд буй том асуудлаа хамтран шийдэх нь чухал гэж ажиглагчид үзэж байна. Германы Франкфурт хотод болсон банкируудын уулзалтын үеэр Канцлер Ангела Меркель Евро бүсийн өрийн хямрал жижиг банкуудыг дампууралд хөтөлнө гэж мэдэгдсэн юм.

“Их долоо”-гийн уулзалтын хойш тавилгүй хэлэлцэх халуухан сэдвийн нэг нь өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн уналт, Хятад, Энэтхэг зэрэг хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн урвуу хандлага байх бололтой. Үүний зэрэгцээ “Их долоо” төсвийн илүүдэл ашгаар дотоодын хэрэгцээг нэмэгдүүлж, мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтвортой байлгах үндсэн чиг баримтлах асуудлаар хэлэлцэнэ гэж албаны хүмүүс мэдэгдэж байна.

ОУВС-гаас гаргасан Европын  банкуудад 200 тэрбум еврогийн  хөрөнгө оруулалтыг татах асуудлыг мөн “Их долоо” энэ чуулганаар хэлэлцэнэ гэж чуулганыг зохион байгуулагчид мэдээлж байна. Өнгөрсөн долдугаар сард Европын төв банкуудад явуулсан “стресс тест” энэ салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатайг харуулсан гэж Европын холбоо үзэж байгаа юм. Харин Герман, Францын улс төрчид ОУВС-гийн дээрх саналыг эсэргүүцэж, Евро бүсэд нүүрлээд буй өрийн хямралыг улам хүндрүүлнэ гэж үзэж байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж