
Ази номхон далайн бүсийн ХДХВ/ ДОХ-ын асуудлаарх 10 дахь удаагийн хуралдаан өнгөрсөн наймдугаар сарын 26-30-ны өдөр БНСУ-ын Пусан хотноо болсон. Уг хуралдаанд нийт 64 орны 2500 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд Монголоос төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн төлөөлөл, сэтгүүлчид багтсан 14 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож, хуралдааны хөтөлбөрийн дагуу өөрсдийн анхаарвал зохих сэдвүүдийн хуралдаануудад оролцоод иржээ. Хуралдаанд монголоос хоёр постер болон хоёр аман танилцуулга тавигдсан нь амжилттай болжээ. Оролцсон зорилго нь бүсийн хэмжээнд ХДХВ/ ДОХ-оос сэргийлэх асуудал ямар төвшинд байгаа, ямар ололт, амжилтуудыг олсон, цаашид юунд анхаарах ёстой юм бэ гэдэг талаар улс орнууд өөрсдийн мэдээллийг бусдадаа түгээж, бусад хүмүүс хүлээж авч, өөрсдийнхөө цаашдын үйл ажиллагааныхаа гол чиглэл болгох, дараагийн хуралдаан болтол анхаарч ажиллах гол чиглэлүүдээ тогтоосон байна.
Ази, номхон далайн бүсэд 2009 онд 4.9 сая хүн ХДХВ/ДОХ-той амьдарч байна гэсэн тооцоо байдаг байна. Ерөнхийдөө 2005 оноос хойш уг халдварын тархалт тогтворжиж байна гэсэн үзүүлэлт гарчээ. Бүсийн хэмжээнд ХДХВ/ДОХ-ын халдвартай хүмүүсийн ихэнх нь Индонез, Хятад, Энэтхэг, Малайз, Бирм, Балба, Пакистан, Гвиней, Тайланд, Вьетнам зэрэг орнуудад амьдарч байна. ДОХ-ын улмаас 2009 оны байдлаар 300 мянган хүн нас барсан гэсэн тооцоо бий. Бүсийн хэмжээнд ХДХВ вирусын шинэ тохиолдол 2001 оныхтой харьцуулахад 20 хувиар буурснаас гадна вирусын эсрэг эмчилгээнд хамрагдаж байгаа хүмүүсийн тоо 2006 оныхоос гурав дахин нэмэгдсэн байна гэсэн дүн гарчээ. Ази, номхон далайн бүсийн хувьд эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнтэй байна гэж үзсэн. Шинэ халдварын тохиолдол хүүхдүүдийн хувьд 15 хувиар буурчээ.
Хуралдааны үеэр ХДХВ-ын халдварын тархалт, халдварт өртөх эрсдэл өндөртэй бүлгийн хүн амын дунд илүү хурдацтай, өндөрсөх үзүүлэлтүүд байгаа. Тиймээс уг халдварт өртөх эрсдэл өндөр хүн амынхаа бүлгийн дунд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийнхөө үр дүнг нь сайжруулан цар хүрээг нь өргөжүүлэн илүү олон хүнийг хамруулж, ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагаанд анхаарах хэрэгтэй байна гэдэг асуудлыг дэвшүүлсэн байна. Мөн уг хуралдааны үеэр ХДХВ/ДОХ-оос сэргийлэхэд зарцуулж байгаа ихэнх төсөл хөтөлбөрүүд донорын санхүүжилтээр хэрэгжиж байна. Цаашдаа үндэсний Засгийн газруудаас нь гаргах хөрөнгө санхүүжилтийг зайлшгүй нэмэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэжээ.
30 жилийн өмнө анх дэлхий нийтэд бүртгэгдэж байсан ХДХВ/ДОХ-ын эсрэг дэлхий нийт, бүс даяараа олсон ололт, амжилт асар их байна. Гэхдээ цаашдаа олсон ололт, амжилтаа бататгаад илүү хүч чармайлт гарган ажиллах хэрэгтэйг дурдсан юм. Өөрөөр хэлбэл, ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс дэвшүүлсэн ДОХ-ын улмаас нас баралтыг тэглэх, шинээр ХДХВ-ын халдвар гаргахгүй байх, түүнийг тэглэх, ДОХ-оос үүдэлтэй ялгаварлан гадуурхлыг тэглэх гэдэг зорилтот хүрэхийн тулд аливаа улс орон, хүн бүр чармайж ажиллах шаардлагатай байна гэдгийг онцгойлон анхааруулж тэмдэглэсэн байна.