Асашёорюү барилгын салбарт хүч үзнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.06-нд нийтлэгдсэн

Асашёорюү барилгын салбарт хүч үзнэ

Асашёорюүгийн тухай мэдээ үргэлж сонирхол татдаг. Зодог тайлах шийдвэрээ ч олныг алмайртал гэнэтийн дуулгасан их аварга одоо ч олны анхаарлын төвд хэвээр байсаар. Түүнийг өнөөдөр улс төрийн намууд сонирхож байна, гадна, дотны бизнесмэнүүд түншлэхийг хүсч байна. Олон нийтэд ч Асашёорюү цаашид юу хийх бол, хувийн карьертаа ямар тэсрэлт хийх бол гэсэн хүлээлт байгаа нь нууц биш. Ийм хүлээлт, сонирхол татсан хариултуудад тэр заримдаа шууд хариулт өгдөг. “Яагаад би эх орондоо ураны орд эзэмшиж болдоггүй юм…” гэх мэт.

Тэгвэл Монгол Улсад ганцхан байдаг Үндэсний циркийг хувьчлан авч, Үндэсний хөрөнгө оруулалтын банк байгуулан, ах нартайгаа хамтран чадамгай удирдаж яваа Асашёорюү дэлхийн нүд, чих болсон “CNN” телевизээр мөрөөдлөө хуваалцаж, Улаанбаатарын хотын төвд цэцэглүүлэх шинэ бизнесээ танилцуулжээ.   Асашёорюү CNN-д өгсөн ярилцлагадаа “Би бизнесийн салбарт эргэлт буцалтгүй орсон.  Амжилт гаргахын төлөө зорьдог миний хүсэл тэмүүлэл сумод байсан шигээ эрч хүчтэй хэвээрээ байгаа. Мэдээж хэрэг, дэлхийд зартай тэрбумтан болно гэдэг хэцүү.  Гэхдээ л  би маш сайн бизнесмэн болохыг хүсч байна” гэсэн байв.  

Ингээд Асашёорюү CNN телевизийн сэтгүүлчийг дагуулан өөрийн хувьчлан авсан Циркийн урд барьж буй шинэ бүтээн байгуулалтынхаа ажилтай танилцуулжээ. Улсын циркийг нурааж, оронд нь олон давхар барилга барихаар зураг төслийг нь бэлэн болгосон тухай яриа саяхнаас олны ам дамжих болсон. Энэ талаар Асашёорюү CNN-д тун ойлгомжтой тайлбар өгчээ. Гэхдээ циркийг зориулалтаар нь ашиглах, үгүйг мэдэхгүй.  Түүний танилцуулсан барилгын зураг төсөл дээр дугуй, том байшин хэвээрээ байгааг одоогийн цирк гэж харж болохоор. Харин циркийн барилгын дээврийн зураг төслийн хувьд эрс өөрчлөгдөх бололтой.

Нэвтрүүлгийн үеэр Асашёорюү барилгын ажил үргэлжилж байгаа талбайд ирээдүйд орон сууц, амралт чөлөөт цагийн маш том цогцолбор сүндэрлэх талаар танилцуулж байгаа зургийг та бүхэн харж байна.

Эндээс харахад, Их аварга циркийн эргэн тойрны одоогийн дүр төрхийг эрс өөрчлөн, тэнгэр багандсан өндөр, шилэн барилга барихаар ажилдаа хэзээний орсон бололтой. 

Эдгээр зургийг www.cnn.com сайтын видео нэвтрүүлгээс татсан тул чанарын шаардлага хангах хэмжээнд биш болохыг анхаарна уу.

Харин энэ зурагт "АСА" циркийн урд хэсэг буюу одоо барилгын ажил үргэлжилж байгаа талбай харагдаж байна.


А.Шархүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж