
Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр болсон Туул голын усанд буюу Сонгинын гүүрний доод хэсэгт олон тооны загас, жараахай үхсэн тохиолдол арваад хоногийн өмнө гарсан билээ. Чухам юунаас болж, загас жараахай ихээр үхсэнийг тогтоохоор мэргэжлийн байгууллагынхан наймдугаар сарын 27-нд Туул голын ус болон үхсэн загаснаас дээж авч, нийслэлийн Мэргэжлийн хяналтын төв лабораторид шинжлүүлсэн байна. Шинжилгээний хариу урьдчилсан байдлаар гарсан бөгөөд Туул голын ус тавдугаар зэргийн бохирдолттой гэсэн дүн гарчээ. Уснаас хром ихээр илэрсэн нь арьс, ширний үйлдвэрүүдийн хортой бодис, хаягдалтай холбоотой байж болох юм. Шинжилгээний нарийвчилсан дүнг мэргэжлийн байцаагч нар нэгтгэж гаргахаар ажиллаж байгаа гэнэ.
Өмнө нь, 2007 онд Туул голд олон тооны загас үхсэн тохиолдол гарч байсныг мэргэжлийн байгууллагууд хүчилтөрөгч дутагдсанаас болсон гэж дүгнэж байжээ.
Т.Маша