
АНУ-ын Холбооны орон сууцны санхүүжилтийн агентлаг энэ долоо хоногт нийт 17 банкийг Холбооны шүүхэд өгөхөөр болсон тухай “Нью-Йорк таймс” мэдээлэв. Тэдгээр банкны тэргүүн эгнээнд “Банк оф Америка”, “Жи Пи Морган Чейз”, “Голдман сакс”, “Дойче банк” зэрэг санхүүгийн акулууд оржээ. Өмнө нь 2008 онд АНУ-д моргейжийн зээл олгодог байсан хамгийн том корпораци “Fannie Mae and Freddie Mac” дампуурлын ирмэгт очих үед Холбооны Засгийн газар хувьцааг нь худалдан авсан. Гэвч түүнээс ердөө хоёр хоногийн дараа “Lehman Brothers” дампуурч, санхүүгийн хямрал албан ёсоор эхэлсэн юм. Харин тухайн үед томоохон банкууд “Fannie Mae and Freddie Mac”-д зээл авч байгаа хүмүүсийн талаар бүрэн дүүрэн мэдээлэл өгөхөөс цааргалаж, улмаар энэ нь чанаргүй зээл богино хугацаанд их хэмжээгээр нэмэгдэхэд хүргэжээ. АНУ-ын Холбооны орон сууцны санхүүжилтийн агентлаг тэдгээр банкийг харилцагчдынхаа орлоготой холбоотой мэдээллийг нууцалсан, хөрөнгө оруулагчдад чанаргүй зээлийн баталгаа гаргаж өгсөн гэх хэрэгт буруутгаж байгаа бололтой. Үүнээс болж “Fannie Mae and Freddie Mac” 30 тэрбум ам.долларын алдагдал хүлээж, тэрхүү алдагдлыг нь татвар төлөгчдийн мөнгөөр нөхсөн билээ. Түүнээс гадна “AIG” гэх мэт даатгалын олон компани алдагдал хүлээсэн. Хэрэв дээрх банкуудыг буруутайд тооцвол олон тэрбум ам.долларын торгууль ноогдуулах нь дамжиггүй. Одоогийн байдлаар “Голдман сакс”-ын төлөөлөгчид ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Харин “Дойче банк”-ны хэвлэлийн төлөөлөгч “Одоогоор бидний эсрэг ямар ч зарга үүсгээгүй байна. Тиймээс энэ тухай тайлбар хийхэд эрт байна” гэжээ. Гэвч “Нью-Йорк таймс” сонинд мэдээлснээр ирэх лхагва гараг буюу маргааш гэхэд энэ хэрэг Холбооны шүүхэд шилжих бололтой.
Энэхүү мэдээлэл гарсны дараа “Голдман сакс”-ын хувьцааны ханш ганцхан өдрийн дотор 4.5 хувиар буурчээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Холбооны нөөцийн сангаас хөрөнгө оруулалтын зарим банкны үйл ажиллагаанд хориг тавьсны дараа “Голдман сакс”-ын моргейжийн зээл олголтод цэг тавьж магадгүй гэх таамаг гарсан байна. Харин “Дойче банк” түлхүү үйл ажиллагаагаа Европт явуулдаг хэрнээ жагсаалтад хэрхэн багтсан нь анхаарал татаж байгаа юм. Тус банкийг Европт үүсээд буй өрийн хямралтай холбоотой асуудлаар шалгаж байгаа. Олон улсын бүртгэлийн стандартын зөвлөл тус банкийг Грекийн өрийн бодит хэмжээг мэдээлэхээс татгалзсан зэрэг үндэслэлээр буруутгаж эхэлжээ. Харин АНУ-ын санхүүгийн зохицуулагчдад шалгуулж магадгүй гэх мэдээлэл гарсны дараа “Дойче банк”-ны хувьцааны ханш зургаан хувиар буурсан байна.
Монголын эрдэнэсийн санг ийм банкууд хариуцахаар болжээ. Тавантолгойд олборлолт хийх эрх бүхий “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-г хийх банкуудыг сонгон шалгаруулах тов гарахаас бүр өмнө “Голдман сакс”-тай холбоотой дуулиан дэгдэж байв. Өнгөрсөн оны хавар АНУ-ын Үнэт цаас, арилжааны хорооноос “Голдман сакс”-ын удирдлагуудыг тайлбар хийхийг шаардаж нэлээд шуугиан дэгдээсэн. Тухайн үед “Голдман сакс”-ын нэр хүндтэй захирлууд АНУ-ын Конгрессын гишүүдийн өмнө нүүрээ улайлган зогсож байв. Түүнээс хойш энэ асуудал намжихгүй байсаар өдийг хүрчээ. Энэ хугацаанд “Голдман сакс” хэд, хэдэн удаа их хэмжээний торгууль төлсөн. Өөрөөр хэлбэл, хууль сахиулагчдын өмнө тус банкны төлөөлөгчид “Бид буруу мэдээлэл өгсөн” гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Харин “Дойче банк” Өмнөд Солонгосын индексийн өсөлт, бууралтын талаар худал мэдээлэн ашиг олж байсан нь илэрсэн билээ. Үүнээс болж, Азийн хэд хэдэн орны хууль сахиулагчид тус банкны салбаруудыг шалгаж эхэлжээ. Гэхдээ өдийг хүртэлх хугацаанд “Дойче банк” санхүүгийн хямралын буруутан гэх нэрнээс хол өнгөрч байсан юм. Харин энэ удаад тус банк “Голдман сакс”-ынхантай хамт байцаагдахаар болов. Хэдийгээр олон улсад нэр хүндтэй, IPO гаргаж байсан арвин туршлагатай, акул гэх зэрэг олон тодорхойлолттой боловч сүүлийн үед эдгээр банктай холбоотой таагүй мэдээлэл хэтэрхий их гарах болжээ. Гэтэл үүнийг “Өрсөлдөгч банкууд нь зориуд ийм зүйл тарааж байгаа юм” гэж тайлбарлачихаад хээвнэг сууж буй хүмүүс цөөнгүй бий.
Тавантолгой бол зөвхөн монголчууд төдийгүй дэлхий дахины анхаарлыг татаж буй орд газар. Чанартай кокосжсон нүүрсний асар их нөөцтэй. Хязгааргүй өсөн нэмэгдэж буй Хятадын зах зээлтэй хэтэрхий ойрхон байрладаг. Тиймээс маш үнэ цэнэтэй гэсэн үг. Гэтэл Тавантолгойн IPO-г олон улсын Хөрөнгийн бирж дээр гаргахад зөвлөхөөр ажиллах банкууд янз бүрийн хэрэгт холбогдсон хэрнээ албан ёсны тайлбар хийхгүй байсаар олон хоногийг ардаа орхиж байна.
"Улс төрийн тойм" сонин
