
Хойд Солонгост өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын хүмүүнлэгийн байгууллагынхан хүрэлцэн ирсэн байна. Саяхан болсон үерийн гамшигт нэрвэгдсэн хойд солонгосчуудад туслах зорилгоор Барак Обамагийн засаг захиргаа 900 мянган ам.доллар зарцуулжээ. Хэдийгээр Ким Чен Ир “Цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөхгүй” гэх ам өчгөө өгөөгүй боловч хүйтэн дайны үед амь насаа алдсан америк цэргүүдийн дурсгалыг хүндэтгэж, сураггүй алга болсон олон мянган хүнийг хайх ажлыг эхлүүлэхээр болсон. Хоёр орны төлөөлөгчдөөс бүрдсэн баг 1996-2005 онд Америкийн 80 иргэнтэй холбоотой мэдээллийг олж, тэдний цогцсыг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн юм. Харин АНУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлж буйгаар дээрхээс гадна 8031 америк цэрэг сураггүй болсон аж. Ким Чен Ир тэдэнтэй холбоотой мэдээлэл олж өгснийхөө хариуд хүмүүнлэгийн тусламж авах болзол тавьжээ. АНУ-ын эрх баригчид энэ асуудлаар дамжуулаад хэтдээ цөмийн зэвсгийн асуудлыг нааштайгаар эргүүлж магадгүй хэмээн найдаж байгаа. Гэхдээ Хойд Солонгос цөмийн зэвсгээс татгалзах эсэх нь эргэлзээтэй. Хэрэв цөмийн зэвсэггүй бол Ким Чен Ир болон түүний залгамжлагч Ким Чен Ун олон улсын тавцанд хэн ч биш болно. Тийм учраас Ираны парламентын дарга Али Ларижан Хойд Солонгост айлчлал хийхээр болсон байж магадгүй юм.
Харин “Mehr” агентлагаас өчигдөр мэдээлснээр Али Ларижаны айлчлал тодорхойгүй шалтгааны улмаас хойшлогдсон байна. Гэхдээ түр хугацаагаар. Магадгүй АНУ-аас ирэх тусламжийн цувааг хүлээн авсны дараа эл айлчлал болж ч болох юм. НҮБ-ын шинжээчид Аюулгүй зөвлөлийн хуралдаан дээр Хойд Солонгос Иран тэргүүтэй орнуудад цөмийн зэвсэг бүтээх технологио хууль бусаар худалдаж байгаа тухай онцолсон. Тиймээс Али Ларижаны айлчлал өнгөн дээрээ хоёр орны парламентын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байгаа гэх боловч түүний цаана цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөх санаархал байна гэж таамаглах үндэслэлтэй юм.
Ким Чен Ир ОХУ-д айлчлахдаа тус улсаас эдийн засгийн дэмжлэг авах сонирхолтой байсныг шинжээчид онцолдог. Харин энэ нь Дмитрий Медведевийн нэр хүндийг олон улсын тавцанд өргөж, ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийнх нь сурталчилгаа маягийн зүйл болчихсон билээ. Өнөөдрийн байдлаар Хойд Солонгосын эдийн засаг Хятадаас бүрэн хамааралтай болсон. Гэхдээ саяхан “Wikileaks” Ким Чен Ир Хятадын эрх баригчдад итгэдэггүй гэдгийг харуулсан баримт дэлгэн харуулсан билээ. Магадгүй дэлхийн бусад гүрэнтэй харилцаж эхэлсэн шалтгааныг нь үүнтэй холбон тайлбарлаж болох юм.
Хойд Солонгосын цэргүүд өнгөрсөн оны намар өмнөд хөршийнхөө нэгэн арал руу гал нээсэн. Түүнчлэн өнгөрсөн хавар Өмнөд Солонгосын цэргийн онгоц сураггүй алга болсны гол буруутнаар Хойд Солонгосын талыг нэрлэж байв. Энэ бүхэн нь “Цөмийн зэвсэгтэй БНАСАУ байгаа шүү” гэдгийг дэлхий дахинд сануулах мэт. Дээрх дуулианаас болж Өмнөд Солонгосын индексүүд уналтад орж, хөрөнгө оруулагчид тус улсаас эгээтэй л хамаг хөрөнгөө татаад авчихаагүй билээ. Солонгосын хойгийн нөхцөл байдал тогтворгүй болбол энэ нь Өмнөд Солонгосын эдийн засагт хамгийн том цохилт болох нь дамжиггүй юм. Тиймээс Өмнөд Солонгосын эрх баригчид хойд хөршөө аргадаж, загнахын дундуур байна. Энэ бүхнээс ганц л дүгнэлт хийж болно. Хойд Солонгосын эрх баригчид нам гүм суугаад байвал “дампуурч” дуусна гэдгээ ойлгожээ.
"Улс төрийн тойм" сонин
