БНЭУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Увст айлчлав

Хуучирсан мэдээ: 2011.09.05-нд нийтлэгдсэн

БНЭУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Увст айлчлав

БНЭУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Сатбир Сингх Увс аймагт есдүгээр сарын 1-3-ны өдөр айлчлав. Энэ үеэр аймгийн Засаг дарга Э.Цасчихэр хүлээн авч уулзсан юм. Элчин сайдын айлчлалын зорилго нь хөдөө орон нутагтай танилцах явдал байлаа. Тус уулзалтын үеэр Элчин сайд Увс аймаг БНЭУ-ын Ладак мужтай холбоо тогтоож харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол улсын хөдөө орон нутгаас БНЭУ-ын муж улсуудтай харилцаа тогтоосон анхны аймаг боллоо гэдгийг онцлон тэмдэглээд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Элчин сайдын яамны зүгээс бүх талаар дэмжиж туслахаа амлав. Түүнчлэн, БНЭУ-ын Засгийн газраас Монгол улсын ХХААЯ-тай хамтран чацаргана тариалах боловсруулах чиглэлээр хэрэгжүүлэх төсөлд Увс аймгийг тэргүүлэх байр суурьтай оролцохыг санал болгожээ. Мөн БНЭУ-аас техник эдийн засгийн чиглэлээр 80 гаруй курс хичээллэдэг ба Монгол улсаас 150 гаруй хүнийг үнэ төлбөргүй сургаж байгаа бөгөөд Увс аймгаас англи хэлний тодорхой мэдлэгтэй хүмүүсийг энэхүү курст сургах хүсэлтээ ирүүлбэл дэмжихэд бэлэн байна гэдгээ илэрхийлжээ. Элчин сайд Увс аймагт айлчлах хугацаандаа байгалийн үзэсгэлэнт газруудаар явж Дэчинравжаалин хийд болон аймгийн музейгаар орж сонирхжээ.

Б.Батбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж