Нода Ёшихико Засгийн газраа бүрдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.05-нд нийтлэгдсэн

Нода Ёшихико Засгийн газраа бүрдүүлжээ

Японы шинэ Ерөнхий сайд Нода Ёшихико өнгөрсөн баасан гаригт Засгийн газраа бүрдүүлжээ. Өдгөө 54 настай Ерөнхий сайд сульдсан эдийн засагтаа дорвитой өсөлт авчрах шинэчлэл хийхээ амласан байна. Тэрбээр сүүлийн 25 жилд болоогүй цөмийн осолтой нүүр тулсан улс орныг хүлээн авч байгаа юм. Энэ Засгийн газар өнгөрсөн таван жилийн хугацаанд томилогдож буй зургаа дахь Засгийн газар.  Нода Ёшихикогийн Засгийн газар өмнөх богинохон настай засгийн газруудын адил гамшгийн дараах сэргээн босголтод зориулж сан байгуулах, сүүлийн хоёр сарын хугацаанд ам.долларын эсрэг иен таван хувиар өссөнийг тогтоон барих үүрэг хүлээгээд байна.

"Эдийн засгийн шинэчлэлийг явуулахын тулд бид ганц ч хормыг зүгээр алдах эрхгүй. Гэвч санхүүгийн шинэчлэл хийхдээ гол нь биш. Эдийн засгийн өсөлт болон санхүүгийн тэнцвэрийг хадгалах нь бидний нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал” гэж тэрбээр Ерөнхий сайдаар томилогдсоны дараа хэвлэлийнхэнд хандаж хэлсэн юм.

Өмнөх Ерөнхий сайд Наото Каны сангийн сайдаар ажилласан шинэ Ерөнхий сайд өөрийн халааг 49 настай Жун Азумид шилжүүлж буйгаа мэдэгдсэн нь хэвлэлийн хурлын эхний мэдэгдэл байв. Жун Азуми Нода Ёшихикогийн баримталж ирсэн санхүү, мөнгөний бодлогыг үргэлжлүүлэхээ амласан юм. Тэрбээр "Газар хөдлөлтийн гамшгаас хойш Японы эдийн засагт сэргэн хандлага гарч байна. Гэвч бид санаа амарч болохгүй. Барууны эдийн засгийн тогтворгүй байдал болон иений өсөлтийг бид хараанаасаа алдах ёсгүй” гэжээ. Шинэ Ерөнхий сайд Засгийн газраа Японы залуу улс төрчдөөс бүрдүүлсэн гэнэ. Японы шинэ сангийн сайдын хэрэгжүүлэх эхний алхам нь төсвийн илүүдэл ашгийн гуравны нэг хувийг газар хөдлөлт, цунамийн гамшгийн дараах сэргээн босголтын ажилд зориулах аж. Уг сэргээн босголтын ажил нь дэлхийн II дайнаас хойшхи асар өргөн хүрээтэй төсөл юм. Нода Гадаад хэргийн сайдаар Койчиро Гембаг томилсныг ажиглагчид  аюулгүй байдлын холбоотон АНУ-тай харилцаагаа өргөжүүлж, Хятад, ОХУ болон Өмнөд Солонгос зэрэг хөршүүдтэй дипломат харилцаагаа сайжруулснаар бүс нутгийн хүрээнд үүсдэг зарим хурцадмал асуудлыг шийдэх шинэ гарц олно гэж найдаж байгаа ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж