Б.Батзориг, Э.Ням-Очир нар “Хилчин”-ээр овоглоно

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Б.Батзориг, Э.Ням-Очир нар “Хилчин”-ээр овоглоно

Монголын спортын бүхий л төрөлд үнэтэй хувь нэмэр оруулж, шилдэг тамирчдыг бэлтгэхэд голлох үүрэг гүйцэтгэж байдаг Бригадын генерал Ц.Сэргэлэн даргатай Хил хамгаалах ерөнхий газрын харьяа “Хилчин” спорт хороо “Амжилтын төлөө хамтдаа” байгууллагын үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллахаар болжээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Э.Бадар-Ууган, гавьяат тамирчин Б.Наранбаатар нарын хамтран байгуулсан “Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллага нь тамирчдын ур чадвар, нийгмийн халамжийг нэмэгдүүлэхэд үйл ажиллагааныхаа нэгээхэн хэсгийг зориулдаг бөгөөд “Хилчин” спорт хороонд санал тавьсны дагуу бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аваргын мөнгө, хүрэл медальт, Оюутны дэлхийн аварга, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт байрын эзэн, ОУХМ Б.Батзориг, Ази тивийн аваргын хүрэл, Яшар Догугийн нэрэмжит олон улсын гранпри тэмцээний хүрэл, Данколовын нэрэмжит ОУ-ын гранпри тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Э.Ням-Очир нар “Хилчин” спорт хорооны тамирчин болжээ.
Ингэснээр чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн болон залуучуудын шигшээ багт харьяалагддаг хоёр шилдэг тамирчин маань цаашид “Хилчин” спорт хороогоор овоглон, тив, дэлхийн дэвжээнд зодоглох боллоо.
Шигшээ багийн тамирчдыг өөрийн харьяалалдаа авч, дэмжлэг туслалцаа үзүүлсэн Хил хамгаалах ерөнхий газрын хамт олон, “Хилчин” спорт хороо, ХХЕГ-ын дарга Ц.Сэргэлэн нарт “Амжилт төлөө хамтдаа” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Наранбаатар, дэд тэргүүн Э.Бадар-Ууган, Х.Цагаанбаатар нар тэдний хүсэлтийг хүлээн авч, өсөх ирээдүйтэй, шилдэг тамирчдыг дэмжсэнд талархал илэрхийлэхийг хүссэнийг уламжилж байна.
Дашрамд дуулгахад, “Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллагатай хамтран ажилладаг “Сэнгүр”, “Сүү” компанийн хамт олон өнгөрсөн нэг жилийн хугацаанд үндэсний шигшээ багт харьяалагддаг зарим тамирчдад тэтгэлэгт цалин олгож, тэмцээн, уралдааны зардалд туслалцаа үзүүлж байсан юм.
Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж