
Нийслэлийн Яаралтай тусламжийн төвд өнөөдөр өглөөний 08.00 цагаас хойш 15.00 цагийн байдлаар 138 дуудлага иржээ. Дуудлагын дийлэнх нь зүрх өвдсөн, даралт ихэссэн гэх өвчнүүдтэй холбоотой аж. Нэг эмч 3-4 дуудлага авч явж байгаа бөгөөд нэн яаралтайд нь хамгийн түрүүнд очиж, тусламж үзүүлэн, шаардлагатай тохиолдолд дүүргийн нэгдсэн эмнэлэг, эсвэл клиникийн нэгдсэн эмнэлгүүдэд хүргэдэг. Энэ үед хугацаа алдаж, хоёр, гурав дахь дуудлагад оройтож очих болдог байна. Нэг үгээр хэлбэл, дуудлагын эмч хүрэлцэхгүйтэй холбоотойгоор иргэдэд хүргэх яаралтай тусламж цаг алдах том шалтгаан болж буйг жижүүр эмч хэллээ. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн Яаралтай тусламжийн төвд 11 эмч, мөн тооны жолооч ажиллаж байгаа аж. Амралтын өдөр учраас авто замын түгжрэл ажлын өдрүүдтэй харьцуулахад бага байгаа. Ер нь ажлын өдрүүдэд, ялангуяа ажил эхлэх, тарах цагаар Улаанбаатар хотын хэмжээнд авто замын түгжрэл үүсдэгээс Яаралтай тусламжийн машин мөн “гацаанд” орж, иргэдэд хүргэх анхан шатны тусламж цаг алдах шалтгаан бий болгосоор байгаа ажээ.
Г.Дарь