Хуучирсан мэдээ: 2011.09.02-нд нийтлэгдсэн

“Хүн зах” хаагдлаа

“Хүн зах” гэгддэг хөлбөмбөгийн солилцооны наймааны энэ зуны цонх хаагдлаа. Цонх хаагдахаас өмнө болсон сонирхолтой гэх томоохон солилцоо, наймааг танилцуулъя.  

  • Өнгөрсөн тойрогт “Улаан чөтгөрүүд”-ийн талбайд гутамшигтайгаар хожигдсон “Арсенал” арилжааны эцсийн мөчид хамгийн идэвхтэй оролцлоо. Энэ зуны солилцоогоор багийн шилдгүүдээ алдсан тэд Өмнөд Солонгосын шигшээ багийн Пак Чу Ён, “Эвертон”-ы Микель Артета, “Ливерпуль”-иэс “Челси”-д зарагдан нэг жил сэлгээнд суусан Израйлийн хамгийн шилдэг хөлбөмбөгч Иосси Бенаюн, Туркийн “Фенербахче” багаас зүүн жигүүрийн хамгаалагч Андре Сантос, “Вердер Бремен” багийн хамгаалагч Пьер Мертесакер нараар хүчээ нэмлээ. Харин Никлас Бентнерийг “Сандерлэнд”-д  нэг жил зээллээ.   
  • Урагвайн шигшээ багийн довтлогч Диего Форлан Италийн “Интер”-т ирлээ. Шилдэг мэргэн бууч Самуэль Этугаа Оросын “Анжи”-д өндөр үнээр зарсныхаа дараа түүний орыг залгамжлах довтлогчийн эрэлд гарсан тэд Форланыг сонгожээ. Форлан “Би агуу багт тоглох гэж байна. Атлетикод тоглосон минь нэр төрийн хэрэг байлаа” гэж хэлжээ.  
  • Харин Лука Модричийг эгнээндээ нэгтгэж чадаагүй “Челси”, “Ливерпуль”-иэс Рауль Мейрелесийг 18 сая еврогоор авч, дөрвөн жилийн гэрээ байгууллаа. Тэд энэ зун Лукаку, Хуан Мата, Лукас Пиазон, Тибаут Коуртес, Ориол Ромеу зэрэг тамирчдаар хүчээ зузаатгасан юм.
  • “Ливерпуль” гурван жил зүтгэсэн Давид Нгогоо “Болтон” руу явуулж оронд нь “Челси”-гээс Гаэл Какутаг зээлээр авлаа. Мөн Уэльсийн шигшээ багийн довтлогч Грейг Беллами “Энфилд”-дээ эргэн ирсэн байна. Тэрбээр “Манчестер Сити” багт харьяалагдаж байсан ч өнгөрсөн жил доод лигийн “Кардиф Сити”-д зээлээр тоглосон юм.  
  • Энэ жил Модричоо алдаагүй “Тоттенхэм” Дэвид Бентлиг доошоо унасан “Уэстхэм”-д, Жермайн Женасыг “Астон Вилла”-д зээлж, Петер Крауч болон Уилсон Паласиосыг “Стоук Сити”-д зарлаа. 
  • “Манчестер Сити” баг бэртэл гэмтлийн улмаас удаан тоглоогүй Оуэн Харгривсыг үнэгүй өөрийн болголоо. Тэрбээр Германы Бундеслигт тоглож байгаад 2006 дэлхийн аваргын дараа “МанЮ”-д ирсэн ч гэмтлийн улмаас төдийлөн амжилт үзүүлээгүй юм. Мөн баруун жигүүрийн хагас хамгаалагч Шаун Райт Филипсийг “Квинс Паркер Рейнжерс” рүү илгээв.
  • Испанийн эзэн хааны гэгддэг “Реал Мадрид” клуб довтлогч Педро Леоныг “Хетафе”, Аргентины хагас хамгаалагч Фернандо Гагог “Рома”, Голландын Ройстон Дрентег “Эвертон” руу тус зээллээ.

Зуны солилцоо, наймааны үеэрх сонирхолтой статистик үзүүлэлтийг танилцуулъя.

Зуны солилцоо, наймаанд хамгийн их хөрөнгө гаргасан лиг:

  1. Английн Премьер лиг – 521,95 сая евро
  2. Италийн Сери А  –  460,73 сая евро
  3. Испанийн Ла лиг  –  344,81 сая евро
  4. Францын Нэгдүээр лиг – 188,5 сая евро
  5. Германы Бундеслиг –  153,64 сая евро

Хамгийн их хөрөнгө зарсан багууд:

  1. Манчестер Сити 92,25 сая евро
  2. Пари Сен-Жермен 89 сая евро
  3. Ювентус 85,75 сая евро
  4. Челси 85,7 сая евро
  5. Рома 78 сая евро

Энэ зуны хамгийн үнэтэй тамирчид:

  1. Серхио Агуэро 45 сая евро  /Атлетико Мадридаас Манчестер Сити/
  2. Хавьер Пасторе 43 сая евро /Пaлермогоос Пари Сен-Жермен /
  3. Радималес Фалкао 40 сая евро /Португаас Атлетико Мадрид/
  4. Фабио Коентрау 30 сая  /Португаас Реал Мадрид/
  5. Сеск Фабрегас 29 сая евро /Арсеналаас Барселона/

Солилцоо наймаанаас хамгийн их ашиг олсон багууд:

  1. Пари Сен-Жермен 86,2 сая евро
  2. Ювентус 72,0 сая евро
  3. Манчестер Сити 67,2 сая евро
  4. Челси 59,9 сая евро
  5. Малага 58,0 сая евро
Б.Ойнбилэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж