Роснефть, АНУ-ын Exxon-тай хамтарна

Хуучирсан мэдээ: 2011.09.02-нд нийтлэгдсэн

Роснефть, АНУ-ын Exxon-тай хамтарна

АНУ-ын “ExxonMobil” болон Оросын “Роснефть”-ийн удирдлагууд Оросын хойд эрэг болон Хар тэнгисийн хэсгээс газрын тос, байгалийн хий олборлох гэрээнд өнгөрсөн мягмар гаригт гарын үсэг зуржээ.

Гэрээний хүрээнд хоёр талууд Оросын хойд туйлд орших Кара тэнгис дэх Зүүн Приновоземельскийн 1, 2, 3 дугаар хэсэг болон Хар тэнгисийн эрэг дэх Tuapse хотын ойролцоох талбайд хэрэгжүүлэх хайгуулын төсөлд 3.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болжээ.
Түүнээс гадна, гэрээ байгуулснаар Роснефть харилцагч байгууллагын Мексикийн булан, Техас мужид хэрэгжүүлдэг төсөлд хөрөнгө оруулах боломж бүрдэж буй юм.

Сочи хотноо өрнөсөн уг хэлэлцээрийн үеэр гэрээнд ExxonMobil-ийн Ерөнхий захирал Rex Tillerson, Оросын дэд Ерөнхий сайд Игорь Сечин нар гарын үсэг зуржээ.  

Уг арга хэмжээнд оролцсон ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин  төслийн нийт хөрөнгө оруулалт 500 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцжээ.

Роснефть компани нь өнгөрсөн нэгдүгээр сард BP компанитай Хойд туйлд газрын тосны хайгуулын төсөлд хамтран ажиллахаар гэрээ байгуулсан юм. Гэвч удалгүй хоёр сарын дараа Лондоны шүүхийн шийдвэрээр энэхүү тохиролцоо нь BP TNK компанитай өмнө нь байгуулсан гэрээг зөрчиж буйг тогтоосон тул Роснефть  BP –гийн гэрээ цуцлагдсан байна.

Харин АНУ-ын газрын тосны магнат Exxon-ы хувьд Хойд туйлын газрын тосны баялагийг ихээхэн сонирхож буй бөгөөд Канадын Хойд туйлын хэсэгт үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа ажээ.

Б.Төгс
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж