
Х.Тэмүүжин гишүүн FB-тээ ингэж бичжээ.
…Өнөө өглөө эрт боссон биш дургүй хүрэм нэг, санаанд оромгүй хоёр зүйлтэй таарав. Хөгжилтэй ч юм шиг…
… Байрны гадаа хог хөглөрөөд, хог түүдэг бололтой нэг хүн байхаар нь “Энэ хавийг цэвэрлэчихвэл 5000 төгрөг өгье” гэсэн чинь “Үгүй, би амарч байна” гэнэ.
…Тэгэхээр нь маск зүүгээд, бээлий өмсөж байгаад өөрөө үзэж тарлаа. Тэгсэн өөр нэг хог түүдэг хүн ирж байна. Энэ хавийг цэвэрлэлцээд мөнгө авах уу гэсэн, “Тэгье, 2000-ыг өгчих” гэнэ. Хамт хог цэвэрлэв. Тэгсэн над руу харж байснаа “Та нэг УИХ-ын гишүүнтэй их адилхан ярих юм аа гэж байна…
…“Хэн” гээд асуусан миний нэрийг хэлж байна. “Би байна” гэсэн, “яаг ш дээ” гэж байна. Сэтгэл хөдлөөд муу хувцаснаасаа бас өгөв…
… Тэгсэн хамгийн хөгжилтэй нь нэг жаахан хүүгээ дагуулсан эмэгтэй миний хажуугаар өнгөрөхдөө хүүхэддээ, “Маргааш сургуульдаа явахгүй бол энэ хүн шиг хог түүдэг хүн болно шүү” гэж авдаг юм. Би тэгсэн масктай мөлхөх шахчихсан хог түүгээд уханатаж байлаа. Манай охин тачигнатал инээв…
… Манай байрны хогийг ачаагүй л байна. Улам бүр нэмэгдсээр л…
Тэгээд дараа нь мань хүн БГД-ийн 77 дугаар сургуулийн хичээлийн жилийн нээлтэд оролцож, дараа нь 11 дүгээр ангийнханд лекц уншиж өгөхөөр амласан гэсэн.
Хэрвээ хичээлээ сайн таслах юм бол Х.Тэмүүжин гишүүн шиг хог түүдэг УИХ-ын гишүүн болох юм байна даа…
Өнгөрсөн амралтын өдрүүдээр уламжлал ёсоор хотоос зайдуу гэр хороололд байдаг аав, ээж хоёр дээрээ очсон юм. Хагас сайн өдөр байсан болохоор бага үдийн хэрд хогны машин сигналдах чимээ хаа холоос гарч, манай хорооныхон чадах ядахаараа, даах даахаараа хогоо түрээд, чирээд гудамжиндаа гарцгаав. Ачааны самосвал гадаа ирж шороо татуулан зогсоод хүмүүсийг “Хогоо өргө, ачуул” хэмээн командалж гардаг юм. Эрэгтэй дүү эзгүй, охин дүү хүнсний лангуун дээр зогсч байсан болохоор аяж хог ачуулахав. Ядаж хог ачаад явж байхыг нь харвал үйлчлүүлэгчид нь үргэж зугтах байлгүй гээд ганц үлдсэн завтай нь болох би томхон шиг цамц олж давхарлаж өмсөөд аавд туслахаар очлоо.
Нэг гудамжны арав гаруй айл хогоо уралдаж өгөхөөр овоорч, дээгүүр нь савтай хог нисэлдэж, доогуур нь хүүхэд хөгшид гүйлддэг юм. Аав бид хоёр ачигчийн цалинтай хоёр даргын “Тэрийг , энийг. Одоо өргө, буулга” гэсэн командын дор хэсэг бөнжигнөж, хоёр поошиг, нэлээд олон шуудай туйпуу, шороо, хүнсний хог хаягдлыг арай гэж ачуулж дуусаад, хамар хашааны айлын яаг манай хашааны аман дээр авчираад шуудай нь задараад хаячихаад явсан хогийг цуглуулж байтал хажууд дахиад хоёр поошиг хог бий болоодохов. Тэгтэл ачааны машины тэвшин дээр зогсоо дарга “Наад айлд чинь нялх хүүхдүүдтэй ганц бие эмэгтэй байдаг юм, хогий нь ачаад өг” гэж байна. Арай гэж жижиг поошигтойг нь өргөөд дээш зүтгүүлж байтал поошигны ёроол задарч бөөн үнс нурам толгой дээр буудаг юм. Өвлийнхөө хогийг ачуулаагүй өдий хүрсэн бололтой.
Хог ачсаны хөлсөнд хоёр айлаас 5000 төгрөг, хүнсний дэлгүүрээс 10 мянган төгрөг авч байна. Зөвхөн манай хашаанаас 15.000 төгрөг. Долоо хоног бүр ирэх ёстой ч сайндаа л хоёр долоо хоногт нэг удаа, цагаан сарын дараа бол бараг хоёр сар ирээгүй гэсэн. Бодвол нэг удаагийнхаа явалтаар овоо ашиг, сарынхаа төлөвлөгөөг хийчихдэг болохоор ойр ойрхон явж бензин гарздах шаардлагагүй байдаг юм болов уу даа. Хотын төвөөр л нэг сүрхий хогийн сав түрсэн ТҮК-ийнхэн яваад, гудамжууддаа хогийн сав өрөөд байдаг. Хотын захын хороололд хогийн сав тавьж чаддаггүй юм бол ядахдаа нэг хогийн савыг нь солиод, өргөдөг түрдэг, бөх бат шиг сав хайрцгийг нь тавиад өгчихөж яагаад ч болдоггүй юм. Ямар ТҮК-ээс хулгайлалтай нь биш. Мөнгөө төлөөд хогоо ачуулж /уг нь ч бараг өөрсдөө л ачаад байгаа юм л даа/ байгаа хүмүүсийн хогийг нь ачиж өгөхгүй юм бол ачигч гэж бас нэг илүү “ам” тэжээж бас яадаг ч юм.
Ер нь ч тэгээд хог түүдэг “томчууд” манай хотоор нэг байна доо. Ялгаатай нь нэг нь мөнгөө төлдөг, нөгөө нь мөнгө хайдаг…
"Ардын эрх" сонин
