Оюутны тангарагтай хичээлийн шинэ жил

Хуучирсан мэдээ: 2011.09.02-нд нийтлэгдсэн

Оюутны тангарагтай хичээлийн шинэ жил

Энэ хичээлийн жилд их дээд сургуульд элсэн орж, оюутны ши­рээ­ний ард анхлан суух гэж байгаа оюутнууд нийслэлийнхээ төв талбайд цуглаж хичээлийн шинэ жилээ угтахын зэрэгцээ “Оюутны тангараг”-аа өргөлөө. Анх удаагаа зохион байгуулж буй, хойшид уламжлал болгохоор төлөвлөсөн энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын зарим гишүүдийнхээ хамт оролцлоо. Засгийн газрын тэргүүн ноён, С.Батболд оюутан залуучуудад хан­даж үг хэлэхдээ  монгол залуу хүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, боломж бололцоо олгох, эрдэм ном сурах орчин нөхцөлөөр хангах, хувь хүнийг хөгжүүлэх асуудлуудад хамтарсан Засгийн газар онцгой анхаарч тодорхой бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэг­лэлээ. Авъяас чадвар, амжилт олол­тоо­роо манлайлж улс, олон улсын хэмжээний уралдаан тэмцээн, олим­пиадад амжилттай оролцсон оюутнуудыг дэлхийн шилдэг 50 их сургуульд инженер технологийн мэргэжлээр бакалаврын түвшинд сургахаар улсын төсөвт 3.0 тэрбум төгрөг тусгасан. Энэ бодлогын дагуу Засгийн газраас “Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах журам”-ыг баталж шалгуур, болзлыг хангасан оюутнуудыг өндөр хөгжилтэй орнуудад сурал­цуулж эхлүүлсэн. 2012 оноос оюут­нуудад сар бүр 70.000 төгрөг олгохоор болсныг Ерөнхий сайд С.Батболд хэлэв.  Мөн 2011-2012 хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид суралцагчдын сургалтын төлбөрийн зохих хэсгийг “Хүний хөгжил сан”-гаас олгуулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэсэн гээд Засгийн газрын өчигдрийн буюу наймдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаас орой, эчнээ ангийн оюутнуудад “Хүний хөгжил сан”-гаас сургалтын тэтгэлэг олгох шийдвэр гаргасныг эрдмийн баярын энэ өдөр оюутнуудад дуулгалаа. Жил бүр 42000 орчим оюутныг төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжаар сургаж байна. Өөрөөр хэлбэл “Хүний хөгжил сан”-гаас их, дээд сургуульд сурч буй оюутан бүр, төрийн сангаас 4 оюутны нэг нь сургалтын төлбөрийн дэмжлэг авч байна гэсэн үг юм гэв. Түүнчлэн  гадаад орнуудын Засгийн газрын тэтгэлгээр 2011-2012 оны хичээлийн жилд 4000 шахам оюу­тан суралцана. Эдгээрийн 810 нь шинээр элссэн суралцагчид байна. Мөн манай улсын сургалтын төрийн сангийн зээлээр энэ жилийн байдлаар 200 гаруй залуус гадаадад сурч байна. Энэ мэтээр Засгийн газар оюутнуудынхаа нийгмийн асуудлууд, сурч боловсрох орчин нөхцөлд анхаарч байгаа талаар Ерөнхий сайд С.Батболд дурдаад оюутнууд маань ийм боломж бололцоогоор хангагдсаны хувьд илүү сайн хичээж сурах ёстой гэдгийг чухалчиллаа.

Б.МАНДАХ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж