
-Ардчилсан нам сургуулийн өмнөх боловсролын талаар тавьж буй зорилгодоо хүрэхийн тулд юу хийх вэ?
-“Монгол хүн 2020” хөтөлбөрийг 14 аймгийн ард, иргэдээр хэлэлцүүлэхэд цэцэрлэгийн насныхан, мөн 1-3 дугаар ангийнхны боловсролд өөрчлөлт хийх цаг болжээ гэдэг нь харагдаж байгаа. Маш олон санал шүүмжлэлийг иргэд хэлсэн. Тийм учраас Ардчилсан нам энэ сараас эхлээд үлдэж байгаа долоон аймагт “Монгол хүн 2020” хөтөлбөрөө хэлэлцүүлчихээд сэдэв тус бүрээрээ эрдэмтэн судлаачид, ард иргэдийг оролцуулсан өргөн хэлэлцүүлгийг дахин Улаанбаатар хотноо зохион байгуулж, асуудлыг хэрхэн шийдэх арга замыг гаргах учиртай. Өнөөдөр боловсролын салбарт анхаарал тавихгүй байхын аргагүй. Тийм учраас Ардчилсан нам боловсролын шинэчлэлийн асуудалд онцгой анхаарал тавьж ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд өнөөдөр сургуулийн хаалга татан, нэгдүгээр ангид орсон зургаан настай 51230 хүүхэд байна. Маш том арми. Бидний маргаашийн том арми сургуульд орж байна. Тэднийхээ суурийг анхнаас нь зөв тавьж, мэдлэг олгох ажлыг сайн зохион байгуулах ёстой.
Хоёрдугаарт, Монгол Улс хөгжлийнхөө эрчимтэй гараанд ирлээ. Ийм үед эрдэм боловсролтой, ажил хийж чаддаг мэргэжилтэн хэрэгтэй. Гадаадынхан орж ирж ажил хийж байна гэж их шүүмжилдэг. Гэхдээ үндэсний нарийн мэргэжлийн боловсон хүчинтэй болтлоо гадаадынхныг ажиллуулахаас аргагүй. Харин энэ хугацаанд бид Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их дээд сургуулиараа дамжуулаад сайн инженер, сайн ажилчин, сайн боловсон хүчнүүдээ бэлтгэх шаардлагатай болж байна л даа.
-Засгийн газрын төвшинд сургуулийн өмнөх боловсролын суурийг зөв тавих чиглэлээр одоохондоо бодлого алга гэж үзэж болох уу. Яагаад гэвэл танай намынхан энэ намар улсын хэмжээнд “Эрдэм боловсролтой монгол хүн” сэдвийн хүрээнд томоохон хэлэлцүүлэг өрнүүлж, бодлого боловсруулна гэж та хэлсэн?
-Бодлого байхгүй гэж үгүйсгээд яах вэ. Өнөөдөр хүүхдүүд дунд сургуульд тодорхой хэмжээгээр суралцаад явж байгаа. Гол нь шинэчлэх шаардлагатай, өөр өнцгөөс харах хэрэгтэй байна л даа. Өөрөөр хэлбэл, байгаа бүхнээ үгүйсгэх бус, яаж илүү сайжруулах вэ, хүүхдүүд маань яаж сайн сурах бололцоотой байна вэ гэдэг дээр шинэ бодлого, шинэчлэл хийх нь буруу зүйл биш.
-Олон нийтийн зүгээс “Их дээд сургууль, коллежид суралцах оюутнуудад Засгийн газраас томоохон дэмжлэг үзүүлчихлээ. Харин дунд сургуульд анхаарлаа хандуулсангүй орхилоо” гэж шүүмжлэх боллоо. Та санал нийлэх үү?
-Санал нэгтэй байна. Би дээд боловсролын тухай ярьсангүй, тодорхой хэмжээний дэмжлэг авчихсан байгаа учраас. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдад сарын 45 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог. Харин одоо дунд сургуулиуд тэр дундаа суурь болж байгаа бага боловсрол дээр анхааръя. Багын багш нарыг бэлтгэхэд анхааръя. Яаж тогтвор суурьшилтай ажиллуулах вэ, цалин хөлсийг нь хэрхэн нэмэгдүүлэх вэ. Яаж тэр хүүхдэд тоо бодох аргыг ойлгомжтойгоор заадаг болгох вэ гэх мэт олон зүйл дээр бид бодлогын өөрчлөлт хийх нь зүйтэй гэж үзэж байна.
-Эхлээд олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ, дараа нь бодлого болгохын тулд судалгаа хийнэ. Эцэстээ Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр болж, бууна. Хэтэрхий их цаг хугацаа алдах юм биш үү, боловсролын шинэчлэл?
-Нэг их яараад яах вэ. Бушуу туулай борвиндоо баастай гэдэг. Ард иргэдээрээ хэлэлцүүлээд амьдрал дээрээ ямар асуудал болж байгааг нь хараад, юу нь болохгүйг нь ойлгоод хийх ёстой. Өнөөдөр есдүгээр сарын 1-ний өдөр таарсан учраас “Эрдэм боловсролтой монгол хүн”-ий тухай ярьж байна. “Эрүүл чийрэг монгол хүн”-ий тухай яривал өчнөөн юм ярьж болно.
-Одоо сэдвээ өөрчлөөд Засгийн газартай холбоотой асуудлыг хөндье. Монголын хөрөнгийн биржийг гадаадынхан удирдаж байна, гэтэл хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Хөгжлийн банкийг Солонгос хүн удирдах болов. Хэр оновчтой шийдэл юм болоо. Чухал салбаруудаа гадныхнаар удирдуулаад байгаа юм биш үү?
-Бид шинээр дугуй бүтээх гээд ядраад байх хэрэгггүй. Одоогоос 50-60 жилийн өмнө солонгосууд Хөгжлийн банкаа байгуулаад маш их том ололт амжилтад хүрсэн. Чаддаг, мэддэг хүнийг нь авчраад зарим салбарт ажиллуулъя гэж байна. Монголын хөрөнгийн бирж гэдэг юм чинь 1990 онд Монголд байгуулагдсан. Гэвч бид 20 жилийн хугацаанд олигтой хөгжүүлж чадаагүй. Тэр дундаа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд мэдлэг чадвар дутаад байна. Тийм учраас туршлагатай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, Лондонгийн бирж, хүн бүхний мэддэг тэр менежмэнт, тэр юмыг Монголд нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Монголын хөрөнгийн биржээ, Монголын Хөгжлийн банкаа гадны хүнд өгчихөж байгаа зүйл биш. Чаддаг, мэддэг багийг ажиллуулж, суралцах гэж байна шүү дээ.
-Ажлын байр бий болгох чиглэлээр Засгийн газар жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр болсон. Гэвч зээл жинхэнэ эзэддээ хүрэхгүй байна гэх шүүмжлэл орон нутагт олонтаа дуулдах юм. Энэ асуудал танд харьяалагддаг байх аа?
-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хариуцдаг хүний хувьд 21 аймгаар явж, газар дээр нь ажил байдалтай нь танилцсан, үзсэн. Сүүлийн гурван жилд УИХ, Засгийн газраас хэрэгжүүлсэн олон арга хэмжээнээс хүндээ хүрч, овоо нэг үр дүн нь гарч байгаа хөтөлбөр бол энэ юм шүү. Бүх аймагт урьд хожид байгаагүй их хэмжээний хөрөнгө очсон. Эзэндээ ч хүрсэн, мэдээж 100 хувийн юм байхгүй, зарим газраа алдаа дутагдал гарсан. Гэхдээ жижиг, дунд үйлдвэрийн зээл ард иргэдэд очсоноор хоёр сайн зүйл ажиглагдаж байгаа. Нэгдүгээрт, орон нутагт үйлчилгээ бий болсноор юмны үнэ буурсан. Хоёрдугаарт, ажлын байр бий болсон. Үндсэндээ гурван жилийн хугацаанд шинээр 14 мянга гаруй ажлын байр бий болсон байна, жижиг, дунд үйлдвэрийн зээлийн хүрээнд.
-Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо удахгүй хуралдана гэх сураг байх юм, тов гарсан уу?
-Манай ҮЗХ-ны хурлын тов гараагүй байна.
-Ойрын хугацаанд тов гарах уу?
-Дүрмийнхээ дагуу хуралдаад явдаг. Энэ ондоо багтаж нэг хурал хийнэ.
-Намын дүрмийг шинэчлэх асуудал юу болж байгаа вэ?
-Намын дүрмийг шинэчлэх асуудал дээр ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Бас л дахиад энэ дүрмийн юу нь болж байгаа, юу нь дэвшилттэй, юу нь болохгүй байна вэ гэдгийг нягталж байна. Дүрэм Ардчилсан намд маш их сайн зүйлийг авчирсан. Илүү их өрсөлдөөн бий болгосон, олон түмэнд хүрч ажиллах боломж нөхцөл олгосон гээд яривал ололттой талууд бий. Гэхдээ болохгүй зүйлүүд бас байна. Заримдаа дотоод зөрчлийг хурдасгаад, идэвхжүүлээд ч байх шиг. Тийм учраас дүрмээ яаж сайжруулах вэ гэдэг дээр дарга нар биш намын гишүүдийн хэлэлцүүлэг өрнөж байна.
-Ардчилсан нам сонгуульд өрсөлдөх гишүүдээсээ 50 сая төгрөгийн урьдчилгаа авч, энэ нь цаагуураа Улстөрийн намын тухай хуулийг зөрчиж байна гэх юм. Ер нь гишүүдээс татсан мөнгөө юунд зарцуулдаг юм бэ?
-Манай намын дүрэмд 2004 оны сонгуулиас эхлээд УИХ-ын сонгуульд нэр дэвших хүн тодорхой татварыг намдаа үе шаттай төлдөг болъё гэсэн заалт орсон. Энэ дагуу сонгуульд өрсөлдөх гишүүд 2004 онд, 2008 онд төлсөн. Нууц биш шүү дээ. 2012 оныхыг ч урьдчилж төлсөн, тодорхой тооны гишүүд бий. Энэ нь ямар учиртай вэ гэхээр энэ мөнгөөр ард иргэдэд ойртож, бодлогоо хүргэх зорилготой юм. Ардчилсан нам “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хэлэлцүүлгийг орон нутагт зохион байгуулж байна. Үүнд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулахаас аргагүй болдог. Түүнд жишээ нь урьдчилгаа төлбөрөөсөө зарцуулж байна шүү дээ.
-Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарахын тулд гишүүдээсээ гарын үсэг цуглуулаад явж байна гэх. Үнэхээр ийм зүйл болоод байна уу, танай нам дотор?
-Ардчилсан нам Засгийн газраас гарах тухай асуудал байхгүй.