“Б.Эрдэнэбилэгийн хэргийг анхаарч байгаа”

Хуучирсан мэдээ: 2011.09.01-нд нийтлэгдсэн

“Б.Эрдэнэбилэгийн хэргийг анхаарч байгаа”

Нэг гэр бүлийн гурван хүнийг зэрлэгээр хөнөөсөн хэрэг өнгөрөгч баасан гаригийн шөнө нийслэлийн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт гарсан. Уг хэргийг үйлдсэн  байж болзошгүй Б.Эрдэнэбилэг гэх залууг цагдаагийнхан даваа гаригт баривчилсан юм. Сэжигтэн Б.Эрдэнэбилэг талийгаачдын охиныг  таньдаг, хувийн харьцаатай байсан талаар бид мэдээлсэн. Тэрбээр өмнө нь хүн амь, хүчингийн хэргээр ял сонсч, улмаар хэрэг нь нэмэлт мөрдөн байцаалтаас шүүхэд ирээд байх үедээ дахин гурван хүний амь хөнөөсөн хэрэгт сэжиглэгдээд байгаа нь энэ юм. Б.Эрдэнэбилэг нь цагдан хоригдож байгаад өнгөрөгч зургадугаар сард батлан даалтад гараад байжээ. Хүн амь, хулгайн хэрэгт холбогдсон онц аюултай сэжигтнийг батлан даалтад гаргаснаар дахин гурван хүний амь үрэгдлээ гэж үзэх хүн ч байна. Энэ талаар нийслэлийн Прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Т.Жадамбаас тодрууллаа.

-Гурван хүний амь нас хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдсан Б.Эрдэнэбилэг өмнө нь хүн амины хэрэгт холбогдсон байж. Гэтэл батлан даалтад байх хугацаандаа дахин онц ноцтой хэрэгт сэжигтнээр саатуулагдлаа. Хүн амины хэрэг нь шүүхээр шийдэгдээгүй байгаа хүнийг яагаад батлан даалтад гаргасан юм бэ?

-Б.Эрдэнэбилэг 2009 оны нэгдүгээр сард хүний амь хөнөөсөн хэрэгт холбогдоод цагдан хоригдож эхэлсэн. Хуульд зааснаар Б.Эрдэнэбилэгийг 24 сар буюу хоёр жил хориод, хуульд зааснаар зургаан сараар хугацааг нь сунгаад нийтдээ 30 сар хорих хугацаа нь дууссан учир  өнгөрөгч зургадугаар сард батлан даалтад  гаргасан. Дахин хэрэгт холбогдох үед өмнөх хэрэг нь Баянгол дүүргийн шүүхээр шийдвэрлэгдээгүй байсан юм. Шүүх хурал нь наймдугаар сарын 26-нд болох байсан ч нэг хохирогч ирээгүй гэх шалтгаанаар хойшилсон. Б.Эрдэнэбилэг шүүх хурал хойшилсон шөнө  гурван хүний амь санаатай хөнөөсөн гэх хэрэгт холбогдоод байна.

-Яагаад шүүн таслах ажиллагаа удаашраад байгаа юм бэ?

-Энэ хэргийн талаар ярихад, Б.Эрдэнэбилэг нь 2009 оны нэгдүгээр сард найз гэх дөрвөн залуутай архи уусан. Тэдний гурав нь хоорондоо зодолдоод байсан учир Гантулга гэх залуутай нийлээд тэдгээр гурван залууг хүлээд орхисон байгаа юм. Гэтэл тэдний нэг нь болох М гэх залуу хүлээндээ боомилогдож нас барсан. Ингээд энэ хэргийг санаатайгаар, эсвэл санамсаргүйгээр хүний амь хөнөөсөн үү гэдэг дээр шат, шатны шүүх нь шийдэлд хүрч чадахгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Энэхүү хэрэг мөрдөн байцаалтад наймар сар, прокурорын шатанд 103 хоног, шүүхийн шатанд 19 сар болоод байна. Шүүхээс хоёр удаа хэргийг тасалсан ч анхан шатнаас хоёр, давж заалдах шатнаас нэг, хяналтын шатнаас нэг удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Хамгийн гол нь хүнийг санаатай хөнөөсөн үү, санамсар болгоомжгүйгээс хөнөөсөн үү гэдгээс хамаарч хэрэг сунжирч байгаа.

-Б.Эрдэнэбилэг бас хүчингийн хэрэг үйлдсэн гэх зүйл ангиар буруутгагдаж  байгаа. Нас барсан залуугийн ээжийг хүчиндсэн гэсэн?

-Тэр үнэн. Гэхдээ түүний хүн хүчирхийлсэн хэрэгт тусад нь эрүүгийн хуулийн 126 дугаар зүйл ангиар хэрэг үүсгэсэн. Өмнө нь шүүхээс хэргийг таслахдаа хүнд ялыг хөнгөнд нь оруулж, 22 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан ч шат, шатны шүүхээс буцаасан байдаг.

-Ялын зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь ямар учиртай юм бэ?

-Анх бол эрүүгийн хуулийн 94-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн ч  2010 оны арваннэгдүгээр сард болсон шүүх хурлаар хүний амь насыг санаатай хөнөөсөн буюу эрүүгийн хуулийн 91.2-т зааснаар яллаж, шийдвэр гаргасан. Харин энэхүү шийдвэрийг Улсын дээд шүүх хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй болоогүй гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь энэ. Ингээд нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийг шүүхэд шилжүүлээд, шүүх хурал хойшлоод байхад дахин онц ноцтой хэрэг гарлаа.

-Сая гарсан хэрэгт  хяналтын прокуророор хэнийг томилсон бэ. Энэ хэрэгт онцгой анхаарал хандуулж ажиллаж байгаа юу?

-Б.Эрдэнэбилэгийн 2009 онд үйлдсэн хэрэгт Ц.Насанбат прокурор хяналт тавьж байсан. Энэ удаагийн хэрэгт ч Ц.Насанбат прокурор хяналт тавьж байгаа. Мөрдөн байцаалт, хяналтын шатанд хаа хаанаа онцгой анхаарал хандуулж ажиллаж байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж