
Нөгөөтэйгүүр, Финланд улсаас Монгол Улсын хувьд үнэт зүйлээс нь суралцах нь чухал. Учир нь Финланд улс хүний эрхийг дээдэлсэн, шударга ёсыг бэхжүүлсэн, нээлттэй нийгмийг богино хугацаанд цогцлоож чадсан туршлагатай орон. Ерөнхийлөгч Тарьяа Халонен ч энэ чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж ирсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Хатагтай Тарьяа Халонен нээлттэй нийгмийг бий болгох, шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх чиглэлээр идэвхитэй ажилладаг. Уур амьсгалын өөрчлөлт, жендэрийн тэгш байдал, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр санаачлагууд гаргаж ажиллаж ирсэн. Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн, шударга ёсыг бэхжүүлсэн ард олных нь орлого өссөн, ядууралгүй, авилгагүй, нээлттэй орон болохын төлөө эрмэлзэж байгаа. Финланд улс яг энэ замаар богино хугацаанд хөгжиж чадсан. Үлгэр жишээ болохуйц улс. Тиймээс финдландчуудын туршлага бол бидний сэтгэл зүрх, хүсэл мөрөөдөлд хамгийн ойрхон туршлага юм. Хамгийн гол харилцаа бол бидний үнэт зүйл, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, нээлттэй нийгэм гэсэн чиглэлээр хамтарч ажиллах явдал. Эдийн засгийн салбарт дэд бүтэц, харилцаа холбоо, ой гэсэн олон салбарыг нэрлэж болно” гэсэн юм.
Финланд улсын Ерөнхийлөгчтэй цуг бизнесийн төлөөлөл олон ирсэн байна. Хоёр орны бизнесийн төлөөлөл оролцсон бизнес уулзалтын үеэр эдийн засаг, худалдаатай холбоотой харилцаанууд өргөн яригдана.
Ерөнхийлөгч Тарьяа Халонены хэлснээр Монгол Улс, Финланд улс нь үр нөлөөтэй салбарт хамтран ажиллах ёстой. Хоёр орон хоёулаа том хөрштэй хил залгадаг. Том хөршүүд бол том зах зээл. Гэхдээ олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах өргөн боломж нээлттэй байгаа юм.