
Скандинавын орнуудаас анх түрүүн БНФУ-ын Ерөнхийлөгч манай оронд айлчилж байгаад сэтгэл нэн таатай буйгаа УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцлоод “Монголчууд Финланд орныг сайн мэддэг, гарал угсаа нэгтэй гэж ярилцах нь ч бий. Хоёр орны харилцаанд парламент хоорондын харилцаа чухал байр эзэлдэг. Урьд нь хоёр орны парламент дахь найрамдлын бүлгийн гишүүд харилцан айлчилж хамтран ажилладаг байсан уламжлалыг үргэлжлүүлж, хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх бололцоотой гэж бид үздэг. Энэ талаар ахиц өөрчлөлт гарна гэдэгт итгэж байна” гээд улс орны улс төрийн амьдрал, УИХ-ын үйл ажиллагааны талаар товч танилцуулав.
Тэрбээр хэлэхдээ, улс төрийн тогтвортой байдлыг хангах, эдийн засаг, нийгмийн тодорхой зорилтыг шийдвэрлэх үүднээс парламентад хамгийн олон суудалтай хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулаад ажиллаж байна. Ирэх жил парламентын сонгууль болох тул хамтарсан Засгийн газрыг илүү үр бүтээлтэй ажиллуулах шаардлагатай байгаа. Мөн манай парламентын бас нэг онцлог нь эмэгтэй гишүүд цөөнтэй. Таныг эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар ихээхэн анхаарал тавьж ажилладаг гэж сонссон. Сонгуулийн хуулийг шинэчлэн батлахдаа парламентад суудалтай намууд энэ асуудлаар анхаарч арай өөрөөр шийдвэл ахиц гарах байх гэсэн бололтой байгаа гэлээ.
Монгол Улсад хийж буй айлчлалдаа сэтгэл ханамжтай буйгаа Ерөнхийлөгч Таръя Халонен илэрхийлээд “Манайд парламентыг ардчиллын зүрх гэж нэрлэдэг. Учир нь парламент нь ард түмний төлөөлөл байдаг, хэнийг парламентад сонгохоо ард түмэн өөрсдөө шийддэг учраас нэр хүндтэй, олны анхаарлын төвд байдаг. Би 20 гаруй жил парламентад ажилласан болохоор парламентын тогоон дахь халуун амьдралыг сайн мэднэ” гэлээ. Тус улсын парламентад улс төрийн арван нам суудалтай, хэд хэдэн намаас бүрдсэн эвслийн Засгийн газар ажиллаж байгааг тэрбээр хэллээ.
Мөн аливаа улс оронд хүний эрх, хуулийг дээдэлсэн, авлигаас ангид сайн засаглал байх ёстойг онцлоод Монгол Улсад тэгш түншлэлийг санал болгохыг хүсч буйгаа илэрхийлэв. Түүнчлэн цэвэр ус, усны хаягдлыг эргүүлж ашиглах, байгаль хамгаалах, тэр дундаа ой модыг хамгаалах, нөхөн сэргээх талаар Финланд улс ихээхэн туршлагатай. Боловсрол, эрүүл мэнд, мэдээллийн технологийн хувьд ч тус улсаас суралцах зүйл их бийг тэрбээр хэллээ.
УИХ-ын дарга хоёр орны тэгш түншлэлийн талаархи Ерөнхийлөгчийн саналыг таатай хүлээн авч буйгаа хэлээд байгаль хамгаалах, цөлжилтийг сааруулах, ойн санг сэргээх, түүнчлэн цэвэр усны нөөцийг хамгаалах чиглэлээр Финланд улсын туршлагаас судалж суралцах нь чухал гэж үзэж буйгаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.