
-Засгийн газрын хуралдаанд оруулсан асуудлынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу. Иргэдийн хувьд ямархуу шалгуур нөхцөл хангаж байж гэмээнэ нэг сая төгрөгөө орон сууц худалдан авахад шилжүүлэх боломжтой болж байна вэ?
-Шадар сайдаар ахлуулсан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороо гэж байдаг. Үндэсний хороо нь өнгөрсөн хугацаанд журам боловсруулж Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамтай зөвшилцөж, хянуулсны үндсэн дээр Хүний хөгжил сангаас олгох нэг сая төгрөгийг бэлэн бус хэлбэрээр орон сууцны зориулалтаар олгох журам гаргаснаа өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Журамд зааснаар орон сууцны хөтөлбөрт хамрагдаж байгаа иргэдэд ямар нэг үнийн болон квадратын хязгаарлалт тавилгүйгээр гэр бүлийн хүрээндээ орон сууцны зориулалтаар нэг сая төгрөгөө зарцуулах эрхийг энэ журмаар зохицуулахаар болж байна. Харин иргэд нийгмийн ажилтандаа хандаж “100 мянган айл орон сууц” хөтөлбөрт хамрагдсан байрнаас худалдан авахаар гэрээ байгуулсан, захиалга хүсэлтээ тавина. Тэрхүү хүсэлт аймаг нийслэлийн Засаг захиргааны байгууллагаар дамжаад Нийгмийн халамжийн газарт ирж, Орон сууц, санхүүжилтийн корпораци дээр хянагдсаны үндсэн дээр тухайн иргэний Хүний хөгжлийн сангийн нэг сая төгрөг гэрээ байгуулсан барилгын комани руу шилжих болж байгаа.
-“100 мянган айл орон сууц” хөтөлбөр хол сонсогдож байгаа. Түүнийг хүлээлгүйгээр одоо шууд арилжааны банкны зээлд хамрагдаад орон сууцны зээл авах иргэдийн хувьд яах вэ?
-Шадар сайд асуудал тавьж байгаад зээл авсан иргэдийг мөн хамруулахаар болж тусгаж байна. Засгийн газрын зүгээс орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хүн амаа тохилог орон сууцаар хангахын зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулна гэсэн давхар зорилго тавьсан. Энэ агуулгаа барих ёстой гэж үзсэний үндсэн дээр зээлд хамрагдсан иргэдийг ч мөн хамруулахаар болж байна л даа. Цаашид иргэдэд жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгох тухай асуудал яригдана. Бид одоо бодлогыг нь боловсруулж байгаа.
-Нэг иргэн Хүний хөгжлийн сангийн нэг сая төгрөгөө орон сууцны төлбөртөө өгч орон байртай болно гэвэл бүтэхгүй. Тэгэхээр хөдөө амьдардаг эцэг, эхийнхээ Хүний хөгжлийн сангийн нэг сая төгрөгийг хотод амьдардаг хүүхэд нь шилжүүлж орон сууцны төлбөрт өгөх бололцоо бий юу?
-Гэр бүлийн хүрээнд гэдгээр зохицуулах боломжтой гэж үзэж байгаа. Гэр бүлийн хуулийн наймын хэд билээ дээ нэг заалт бий. Түүнд зааснаар эцэг, эх нь хөдөө амьдардаг хүүхэд нь хотод амьдардаг бол энэ хуулийн хүрээнд зохицуулж болно гэж үзэж байгаа. Одоогоор тодорхой тооны заалт оруулаагүй байгаа учраас хэдэн ч хүний Хүний хөгжлийн сангийн нэг сая төгрөгийг нийлүүлж, орон сууцны төлбөрт шилжүүлж болно. Гагцхүү энэ бүхнийг Гэр бүлийн тухай хуульд заасан заалтаар зохицуулна гэж ойлгох хэрэгтэй.
-Орон сууцны эрэлт бол маш их байна. Зөвхөн “100 мянган айл орон сууц” хөтөлбөр хэрэгжсэнээр иргэд байртай болоод ханачихааргүй байна. Үлдэж байгаа иргэдийн хувьд яах вэ. Өнөөдрийн хувьд зөвхөн 100 мянган орон сууцны асуудал яригдаж байна шүү дээ?
-Улаанбаатар хотод өнөөдөр 24600 айлын орон сууц баригдаж байна гэж бид тоолоод байгаа. Жилдээ 20 мянга орчим орон сууцыг энэ бололцоогоор бариад ашиглалтад оруулаад байх боломжтой гэж үздэг. Гол нь орон сууцны үнийг хөөрөгдөхгүй байхын тулд эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх замаар зохицуулахыг оролдож байгаа юм. Тиймээс “100 мянган айл орон сууц” хөтөлбөртөө багтааж хийхээр болсон. Хэрэв 100 мянган айлын орон сууц хөтөлбөрөөс давуулаад эрэлт тал руу их хэмжээний мөнгө гаргачихвал орон сууцны үнэ хамаагүй өснө. Өндөр үнэтэй орон сууц авсан дээр үү, хүлээж байгаад хямд өртөгтэй таарсан орон сууц авах уу гэдэг сонголт байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг талаасаа бодолцох ёстой болж байгаа. Тийм учраас зориуд орон сууцны хөтөлбөрт хамрагдсан сууцнаас сонголт хийлгэхээр журамд заасан. Хэдийгээр “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийн хүрээнд энэ журам гарч байгаа боловч олон хүн мөнгөө нийлүүлж байж, байрны төлбөртөө өгөх учраас зөвхөн 100 мянган иргэн Хүний хөгжлийн сангаас олгох нэг сая төгрөгөө авах нь гэж ойлгох нь нэг талаар учир дутагдалтай. Нэг өрхөд доод тал нь гурван ам бүл байна гэж тооцоод, орон сууцны үнэ өнөөдөр хэдэн төгрөгийн үнэтэй байгаа билээ. Ингээд тооцохоор Монголын олон мянган иргэн Хүний хөгжлийн сангаас бэлэн бус хэлбэрээр олгох нэг сая төгрөгийг орон сууцны төлбөрт зарцуулах боломж бий.
-“100 мянган айл орон сууц” хөтөлбөрийн эхний ээлжийг хэдийд ашиглалтад оруулах вэ?
-“100 мянган айл орон сууц” хөтөлбөрийн эхний хэсгийг арваннэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар оруулна. Ийм ийм барилгын компанийн барьж байгаа орон сууцууд гэсэн хөтөлбөр оруулах юм. Газрын будилаантай, зөвшөөрөлгүй газар орон сууц барьж байгаа бас бусад зөрчилтэй компаниудыг оруулахгүй. Тиймээс барилга нь бодитой баригдаж байгаа хөрөнгө оруулалт нь хийгдсэн, нэг ёсны 30 хувь нь баригдсан барилгад захиалгаа өгсөн иргэнийг үүнд хамруулъя гэж үзлээ. Гарч болох сөрөг үр дагавруудаас сэргийлж, зориудаар ийм шалгуур тавьсан хэрэг л дээ.